МЗХ-ны төлөөлөгчид Сингапурын хүүхэд залуучууд, хөгшчүүлд зориулсан дүүргийн хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа
МЗХ-ны төлөөлөгчдийн Зүүн Өмнөд Азийн орноор хийж буй айлчлал Сингапур Улсад үргэлжиж байгаа бөгөөд 2014 оны 4-р сарын 28-ны үдээс хойш Сингапур Улсын Залуучуудын Үндэсний Зөвлөлийн тэргүүн Jackie Goh угтаж авлаа.
Тэргүүн монголын төлөөлөгчдөд Сингапур Улсын Залуучуудын Үндэсний Зөвлөлийн харъяа ажилладаг дүүргийн хүүхэд залуучууд, хөгшчүүлд зориулсан хөгжлийн төвтэй танилцуулсан юм. Сингапур Улсад нийт дүүргийн дэргэдэх 107 хөгжлийн төв ажилладаг.
Энэхүү төвүүдийн ажилтнууд нь төрийн албан хаагчид байх бөгөөд эдгээр төвүүдийн 90%-ийг төрөөс санхүүжүүлж, үлдсэн хувийг үйл ажиллагааныхаа орлогоор бүрдүүлдэг байна. Хөгжлийн төвд сагсан бөмбөгийн талбай, сургалтын өрөөнүүд, бие бялдаржуулах танхим зэрэг чөлөөт цагаа өнгөрөөх боломжтой танхимуудтай ажээ. Багш ажилчид нь төрийн албан хаагчид байхаас гадна сайн дурын ажилтанууд байдаг байна.
Сингапур Улсын Залуучуудын Үндэсний Зөвлөлийн тэргүүн Jackie Goh
Сүүлийн үед Сингапур Улсын төрөөс залуучуудын асуудалд ихээхэн анхаарал тавьж ажиллах болсоны зэрэгцээ Залуучуудын Үндэсний Зөвлөлийг тус улсын ерөнхий сайд тэргүүлдэг. Иймд тус улсын залуучуудын бодлого нь төрийн бодлого байдаг.
МЗХ-ны ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат иймэрхүү хөгжлийн төвийг Монголд Сингапурын хөрөнгө оруулалттайгаар барьж болох талаар санал тавьлаа. Сингапурын Залуучуудын Үндэсний Зөвлөлийн /СЗҮЗ/ тэргүүн зөвхөн төв барихаар хязгаарлахгүйгээр бизнесийн болон ажил хэргийн бүхий л саналыг монголын талаас хүлээн авч хэлэлцэх, цаашид хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Эцэст нь Монгол Улсад ирэх 9-р сард болох Азийн Залуучуудын Чуулга Уулзалтанд оролцох албан ёсны урилгыг СЗҮЗ-ийн тэргүүн болон дүүргийн даргад гардууллаа.