Гадаад харилцааны сайд Эстони улсад айлчилж байна
“Онлайн Эрх чөлөө” эвслийн 4 дүгээр Бага хурал Эстони Улсын нийслэл Таллинн хотноо 2 өдөр үргэлжилж 4 дүгээр сарын 29-нд өндөрлөв. Энэхүү бага хурлаар даяарчлалын өнөөгийн үед интернетийг хэрхэн чөлөөтэй, нээлттэй, хүртээмжтэй, аюулгүй хэрэглэх, тулгарч буй бэрхшээл, хамтран ажиллах арга замын талаар эвслийн гишүүн орнуудын сайд нар, иргэний нийгмийн болон бизнесийн төлөөлөгчид өргөнөөр санал солилцов.
Төгсгөлийн хуралдаанд Гадаад харилцааны сайд Л.Болд Эвслийн даргаар сонгосонд талархал илэрхийлж Улаанбаатар хотноо зохион байгуулагдах ээлжит бага хурлын зорилгын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, Эстоний Гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Март Лаанемае, Интернет нийгэмлэгийн захирал Фредрик Донек нар үг хэлж, тус эвслийн гишүүн орнууд болон бусад улс орнуудыг ирэх оны бага хуралд идэвхтэй оролцохыг уриалав.
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд Эстони Улсын Ерөнхийлөгч Тоомас Хендрик Илвес-ийн хамт
Энэ өдрүүдэд Гадаад харилцааны сайд Л.Болд Эстони Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Л.Болд Эстони Улсын Ерөнхийлөгч Тоомас Хендрик Илвест бараалхаж, Гадаад харилцааны сайд Урмас Паеттай албан ёсны хэлэлцээ хийж, Эдийн засаг, холбооны сайд хатагтай Урве Палотай уулзаж, хоёр талын болон олон талын харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.
Дээрх уулзалтуудын үеэр Монголын тал Эстоний цахим засаглалын туршлагаас суралцах, занар боловсруулах салбарт хамтран ажиллах боломжийг судлах хүсэлтэй байгааг илэрхийлэв. Эстоний тал өөрийн туршлагаас хуваалцахад бэлэн буйгаа илэрхийлж байв.
Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Л.Болд Эстони Улсын Гадаад харилцааны сайд Урмас Пает нар Цахим дипломат паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Эстони Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурав.
Гадаад харилцааны сайд Л.Болд Таллины Техникийн Их сургуульд айлчлав.
Мөн айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Таллины Техникийн Их сургуулийн Шинэ санаачилга, бизнесийн Мектори төвд зочилж үйл ажиллагаатай нь танилцав. Түүнчлэн энэ үеэр зохион байгуулагдсан Монголын уран зураг, баримлын үзэсгэлэнг нээв. Үзэсгэлэнгийн нээлтэд тус улсад айлчилж буй Шинэ Зеланд Улсын Харилцаа холбооны сайд Эми Адамс оролцов.
Айлчлалын хүрээнд 4 дүгээр сарын 30-нд Гадаад харилцааны сайд Л.Болд Эстоний Парламентын Ерөнхийлөгч Ейли Несторт бараалхаж, Мэдээлэл холбооны технологийн төвд зочилж туршлага судлах болно.