Х.Амгаланбаатар юу хэлчихэв ээ?
Х.Амгаланбаатар юу хэлчихэв ээ?
2014.04.23

Х.Амгаланбаатар юу хэлчихэв ээ?

“Төр иргэнийхээ хөдөлмөрийг 192 мянган төгрөгөөр үнэлж байгаадаа ичих ёстой” гэх ширүүхэн мэдэгдэл хийж шуугиулж явсан Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар энэ удаад Засгийн газрыг тогтвортой ажиллуулахын төлөө тууштай зогсох ёстой гэх байр суурь илэрхийлсэн нь олон нийтийн анхаарлыг татаад байна.

Тэрээр энэ тухай “Засгийн газар тогтвортой байж, ажлаа хийх ёстой. Эдийн засаг хүнд үед Засгийн газар огцорвол улстөрийн тогтворгүй байдал үүсч эцсийн төлөөсийг ард түмэн үүрэх болно. Сандал ширээний төлөөх тэмцлээс хожоо гарахгүй” хэмээн мэдэгдээд байгаа юм.

Ер нь Засгийн газрын тогтвортой байдалд Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо анхаарал хандуулж байсан тохиолдол цөөн. Үе, үеийн Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч нарын зүгээс гол төлөв “Засгийн газар ажлаа хийж чадахгүй байна, огцрох ёстой. Чаддагаар нь ажлыг хийлгэх ёстой” гэх мэдэгдэл хийж, жагсаал цуглаан зохион байгуулж явсан түүх олон. Энэ утгаараа Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгчийн мэдэгдэл олны анхаарлыг илүүтэй татаж байх шиг байна.

Оюутолгой компанид ажиллаж байгаа монгол ажилчид гадаад иргэдээс бага цалин авдаг нь Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 100 дугаар конвенцид заасан зарчмыг зөрчдөг байна.

Тогтвортой байдалд ийн анхаарал хандуулсан Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо мөн УИХ, Засгийн газарт хандан Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт үндэсний хорооны хурлаас гаргасан зөвлөмжийг анхааралдаа авч ажил хэрэг болгохыг сануулаад байна. Үүнд гадаад, монгол ажилчдын цалингийн ялгааг арилгах чиглэлээр Засгийн газар бодлого боловсруулж, УИХ түүнийг нь батлах шаардлагатай гэнэ. 

Учир нь Оюутолгой компанид ажиллаж байгаа монгол ажилчид гадаад иргэдээс бага цалин авдаг нь Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 100 дугаар конвенцид заасан зарчмыг зөрчдөг байна. Харин хоёр дахь санал нь контрактаар ажил үйлчилгээ гүйцэтгэж байгаа гадаад, дотоодын иргэдийн цалин, орлогод нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах асуудлыг холбогдох хуулинд тусгуулах.

Төрийн өмчийг хувьчлахдаа компанийн засаглалыг хөгжүүлэх, ажилтнуудад нэмэлт орлого бий болгох зорилгоор компанийн хувьцааны тодорхой хувийг ажилтнуудад худалдан хувь эзэмшүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх ёстой хэмээн үзэж байна.