Соёл, урлагийн салбарт ажиллагсдын тал хувь нь ТҮ1-ТҮ4-ийн хооронд цалинждаг
МҮЭХ болон Монголы ажил олгогч эздийн холбооны удирдлагууд өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга З.Энхболдтой уулзаж эдийн засгийн хямрал хүндрэлээс гарах шуурхай ажлын төлөвлөгөө гаргаж ажлын хэсэг байгуулан ажиллах санал тавьжээ. Энэхүү саналыг УИХ дарга дэмжсэн байна.
МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар: “Энэ саналыг бүрэн дэмжиж засгийн газрын түвшинд ийм ажлын хэсэг байгуулаад хамтарсан саналыг УИХ-ын түвшинд аваачиж хэлэлцүүлье гэж тохирсон. Тэгэхээр засгийн газрын зүгээс эдийн засгийг идэвхжүүлэх, эрчимжүүлэх саналыг УИХ-д өргөн барьсан. Үүнээс гадна авах арга хэмжээний шуурхай ажлын төлөвлөгөөг ойрын хугацаанд гаргаж хэрэгжүүлэх ёстой гэсэн саналыг МҮЭХ-оос УИХ-ын гишүүдэд, бүр цаашилбал засгийн газарт тавьж байгаа юм.”
5000 гаран ажиллагсдын цалинг яаралтай нэмэхийг УИХ болон харъяа яамнаас шаардаж байгаа юм.
Соёл, спорт аялал жуулчлалын яамны харъяа байгууллагын ажиллагсад цалингаа нэмэхийг шаардаж өнгөрсөн долоо хоногт ажил хаялт зарласан. Яамны зүгээс энэ асуудлыг судлан үзэж ирэх тавдугаарт сард шийдвэрлэнэ гэж мэдэгдээд байгаа. Тэгвэл МҮЭХ-оос урлаг, спорт, аялал жуулчлалын салбарт ажиллаж байгаа 5000 гаран ажиллагсдын цалинг яаралтай нэмэхийг УИХ болон харъяа яамнаас шаардаж байгаа юм.
“Өнөөдөр соёл урлагийн салбарт 5000 гаруй ажиллагсад байдаг. Энэ хүмүүсийн 50 орчим хувь нь өмнөх цалингийн нэмэгдлийн хүрээнд цалингийн нэмэгдлийн асуудал нь шийдэгдсэн. Өөрөөр хэлбэл соёл, урлагийн салбарт ажиллаж байгаа, соёл спорт, аялал жуулчлал, урлагийн салбарт ажилладаг 5000 гаран хүний тал хувь нь ТҮ1-ТҮ4-ийн хооронд цалинждаг. Энэ хүмүүсийн цалин бол өмнөх гуравдугаар сарын 7-ны цалингийн нэмэгдлээр эхний арга хэмжээг авсан. Бололцоо байвал энэ хүмүүсээ оролцуулаад соёл, урлаг, спорт, аялал жуулчлалын салбарт ажиллаж байгаа хүмүүсийн цалинг ойрын хугацаанд нэмэгдүүлэх саналыг МҮЭХ бүрэн дэмжиж Засгийн газар, Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд энэ саналыг хүргүүлж байгаа юм” хэмээн МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэллээ.