Тэтгэврийн зээлд тавьсан шалгуурыг зөөллөхийг хүсэв
2025.04.28

Тэтгэврийн зээлд тавьсан шалгуурыг зөөллөхийг хүсэв

Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Монголбанкны ерөнхийлөгчид хандан тэтгэврийн зээлд тавьсан шалгуур нөхцлийг зөөллөж өгөх хүсэлт тавьжээ.

Учир нь, Монголбанкны ерөнхийлөгчийн гаргасан тушаалаар өнгөрсөн гуравдугаар сарын 10-наас эхлэн тэтгэвэр барьцаалсан зээлд тавих шалгуур өндөрссөнөөр ахмад настанд хамгийн дээд тал нь 12 сараас дээш хугацаатай зээл олдохгүй болсон. Мөн тэтгэврийн зээл дээр өр, орлогын харьцааг 50:50 болгон чангаруулсан юм. Үүнээс болж ахмад настнууд 2 сая төгрөг хүрэхгүй буюу 1.8 сая орчим төгрөгийн зээл авдаг болжээ. Тэрхүү зээлээр томоохон асуудлаа шийдэх боломжгүй болсон юм байна. Энэ ч шалтгаанаар Засгийн газрын 11-11 төвөөр дамжуулан 240, мөн биечлэн 100 иргэн өргөдөл гомдол ирүүлжээ.  Иймээс сайд Л.Энх-Амгалан дээрх хүсэлтийг төв банкны ерөнхийлөгчид хүргүүлжээ.

Хуучин ахмад настнууд хоёр жилээр тэтгэврийн зээл авч болдог байсан. Гэвч Азийн хөгжлийн банкнаас хийсэн судалгаагаар ахмад настнуудын 60 гаруй хувь нь тэтгэвэр барьцаалсан зээл авдаг нь эргээд зээлээс зээлийн хооронд амьдрах шаардлагатай болж,  зээлийн дарамтад орж байна гэж үзсэн. Мөн Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “Монголд л ганцхан тэтгэвэр барьцаалсан зээлийг арилжааны банкууд олгож байна. Өөр улсад ийм зээл байдаггүй. Эцэг, эх, өвөө, эмээгийнхээ тэтгэврийн зээлийг аваад амьдардаг, оюутны сургалтын төлбөрөө төлүүлчихдэг, эсвэл машин аваад уначихдаг паразит бүлэг байж болохгүй. Энэ асуудлыг шийдвэрлэнэ” гэж мэдэгдэж байсан удаатай. Тэр ч үүднээс Монголбанкинд хандсан. Харин төв банкны ерөнхийлөгч шийдвэрээ зөөлрүүлэх үү, хэвээр хадгалах уу гэдгийг харах л үлдэж байна.