“Иргэдийн шударга шүүх” ТББ-ын захирал Х.Бат-Ялалт
2014.04.21

Б.Бат-Ялалт: Шинэчлэлийг Хууль зүйн сайд эхлүүлээгүй

“Focus Talk” ярилцлагын цагаар “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын захирал Х.Бат-Ялалт оролцлоо.

-          Сүүлийн үед нийгэмд Шүүхийн шинэчлэлийн асуудлаар нэлээд хурцаар яригдах боллоо. Салбарын сайд өнөөдөр шүүхийн шинэчлэл эхлүүлснээр үр дүн муутай байна. Өөрөөр хэлбэл шүүх тогтолцоог ерөнхийдөө гажуудуулах тийшээ харуулчихлаа гэсэн зүйлүүдийг ярьж байгаа. Энд ямар байр суурьтай байна вэ?

Энэ шинэчлэлийг Хууль зүйн сайд эхлүүлээгүй. Шинэчлэлийг ард түмэн шаардсан. Хууль хяналтын байгууллагад очоод үйлчлүүлэх гэхээр шударга бус шийдвэрүүд гаргаж, мөн хүмүүстэй ялгаатай байдалтай харьцаж байна. Энэ байдлаас болоод хүн хохирдог, хэлмэгддэг асуудлууд үүсээд ирэхээр иргэд шударга ёсыг шаардаад байгаа юм.

Мөнгөтэй хүнд хууль үйлчлэхээ болилоо гэдэг шаардлагуудыг тавьсан. Ийм улс төрийн хэрэгцээ шаардлагыг улс төрийн хүчнүүд дотроос Ардчилсан нам түлхүү мэдэрч 2008 оноос эхлэн шударга ёсыг уриалж, 2009 оноос Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш шударга байцгаая гэдэг зүйлүүдийг ярьж байгаа. Харамсалтай нь Хууль зүйн сайдаар Х.Тэмүүжин болсноор салбарын шинэчлэл байж чадахгүй байна. Тэгэхээр шинэчлэл гэдэг нь үр дүнтэй, үр дүн нь эерэг байх ёстой.

Бүх цагдаа, хууль хяналтын байгууллагын эрх мэдлийг өөртөө авахын тулд бүх бодлого нь тийшээ чиглэчихсэн явж байна.

Өнөөдөр Х.Тэмүүжин миний хийгээд байгаа зүйлийг хүмүүс ойлгохгүй. 10 жилийн дараа үр дүн нь харагдана гэсэн. Гэтэл өнөөдөр сөрөг үр дагаврууд гарч эхэллээ. Тухайлбал, нэгдүгээрт цагдаагийн байгууллага  бол данхайсан бүтэцтэй. Үүнийг цомхон болгоно гэсэн. Яг газар дээрээ 7 бүтэцтэй байсан  цагдаагийн удирдлага 23 газартай болчихож. Зарим бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байсан ерөнхий газар нь 180 орчим албан хаагчтай болчихсон байх жишээтэй.

Шүүхийн ерөнхий зөвлөл гэсэн 200-гаад хүнтэй алба байгуулчихлаа. Мөн тойргын систем гээд хүмүүсийг чирэгдүүлсэн, бухимдуулсан зүйл хийчихлээ. Энэ мэт алдаа дутагдалтай зүйлүүдийг нь яриад байвал маш олон байна. Жишээ нь, Тахарын алба гээд 500 гаруй хүний бүрэлдэхүүнтэй гүйцэтгэх ажил эрхэлдэг нууцаар чагнах, тагнах эрхтэй байгууллага байгуулчихсан. Гүйцэтгэх ажил эрхэлдэг байгууллагын тоог ёс болгох бодлого баримталж байна. Энэ мэтчилэн хүний эрх, эрх чөлөөнд халддаг, хязгаарладаг, эмх замбараагүй байдлыг үүсгэх зүйлүүдийг хийж байгаа.

Өнгөрснөө үгүйсгэж, ирээдүйд сайхан  болно гэж улам задалж, бутаргаад байгаад олон хуульчдын дургүйцлийг хүргэж байна. Дээр нь хуульчдын холбоо гэсэн хүний эрхийг дордуулчихсан бүтэц зохион байгуулчихлаа. Бүх эрх мэдлийг өөртөө авахын төлөө ажиллаж байна. Хоёр хоногийн өмнө Х.Тэмүүжин “De facto” нэвтрүүлгэнд орсон ярилцлагыг сонсож байлаа. Энэ ярилцлагадаа Монгол улс айхтар хүнд байсан юм шиг.

Шинэчлэл гэдэг нь үр дүнтэй, үр дүн нь эерэг байх ёстой.

Тэр хүн нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга зэрэг байж бүх эрх мэдлийг өөртөө авах гэж Авилгатай тэмцэх газар, Төрийн албаны зөвлөлийг байгуулчихсан юм шиг ярьсан. Гэтэл өнөөдөр Х.Тэмүүжин гэдэг хүн яг адилхан байгаа. Бүх цагдаа, хууль хяналтын байгууллагын эрх мэдлийг өөртөө авахын тулд бүх бодлого нь тийшээ чиглэчихсэн явж байна.

Яг ард түмний захиалга болсон шүүхээс гарсан буруу шийдвэрийг зөвтгөх (хүний зөрчигдсөн эрхийг сэргээх үйл ажиллагаа) бодлого, зорилгогүй байгаа учраас бид энэ хүний зарим нэг үйлдлийг эсэргүүцэхээс өөр аргагүй болсон. Цагдаагийн нэгдсэн зохион байгуулалттай, нэгдмэл удирдлагатай байдаг зохион байгуулалтыг алдагдуулж байна.

Дээр нь хувь хүнийхээ хувьд хууль зүйн албанд тэнцэх хүн мөн үү, үгүй юу. Жишээ нь, маш ноцтой гэмт хэрэг, зөрчилд холбогдож хар тамхины хэрэг, хүүхдээ үрчлүүлсэн зэрэг дуулайнт хэргүүд ар араасаа холбогдож байна. Нэгдүгээрт, ёс суртахууны хувьд энэ албанд тэнцэж байна уу, Хоёрдугаарт, хийгээд байгаа бүтэц бүрэлдэхүүнийг нь аваад үзэхэд энэ албандаа тэнцэж байна уу, үгүй юу. Гуравдугаарт, энэ хүн хууль зүйн салбарт ямар туршлагатай юм бэ. Энэ мэт эргэлзээ төрүүлсэн асуудлыг үүсгэж байгаа. Иймээс “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас тууштай тэмцэнэ.

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс...