"Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого"-ын төслийн хэлэлцүүлэг зохион байгуулагдав
2023.06.13

"Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого"-ын төслийн хэлэлцүүлэг зохион байгуулагдав

Монгол Улсын Үндсэн хуульд заасан шүүхэд мэдүүлэх иргэний эрхийг баталгаатай эдлүүлэх нөхцөлийг хангах чиглэлээр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирэх 10 жилд шүүх эрх мэдлийн хүрээнд хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний төслийг тодорхойлсон.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.11 дэх хэсэгт “Шүүх эрх мэдэл хөгжлийн бодлоготой байх бөгөөд түүнийг Ерөнхий зөвлөл хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж, Улсын дээд шүүх, Засгийн газартай зөвшилцөн Улсын Их Хуралд уламжилна” гэсний дагуу “Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-ын төслийг танилцуулах, төслийн талаар хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагын төлөөллийн санал авах хэлэлцүүлгийг (2023.06.12)-ний өдөр зохион байгуулав.

Хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг, Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав, А.Отгонцэцэг, Н.Отгончимэг, Б.Ундрах, Л.Энхбилэг, Хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцон, баримт бичгийн төслийн талаар танилцуулга, мэдээлэл хуваалцаж, санал бодлоо солилцов.