УИХ-ын гишүүн Г.Батхүү
2014.04.16

Зөвхөн уул уурхайгаас хамааралтай бус бусад эдийн засгаа ч хөгжүүлье

Нүүрсээ тогтмол зарж чадахгүй, Хятад улс Монголоос нүүрс авах урсгал буурах, эрсдэл зэргийг тунгаан бодож үзэх цаг болсон. Монгол улсын эрчим хүчний нүүрсийг дэлхий огт сонирхохгүй байна. Ийм нөхцөлд бид нүүрстэй гэж цээжээ дэлдэх нь буруу алхам. Харин үүнийхээ оронд яавал илүү үнэ хүргэх вэ гэдгийг бодох эрх зүйн орчныг нь шинэчлэх нь зөв гэж УИХ-ын гишүүн Г.Батхүү онцоллоо.

УИХ-ын гишүүн Г.Батхүү: “Бид нарыг 5-6 жил төмөр зам барих талаар бодож суусаар байтал зөвхөн Орос биш, Австрали зэрэг орнууд Хятадын зах зээлд нүүрсээ борлуулах, далайн тээврээр маш бага зардлаар тээвэрлэх тэр дэд бүтцээ өөрсдөө бий болгоод хөрөнгө оруулалтуудаа хийчихлээ. Тэгэхээр бид зөвхөн уул уурхайгаас хамааралтай бус бусад эдийн засгаа ч хөгжүүлье, уул уурхайгаа ч хөгжүүлье, төмөр зам, авто замаа ч барья, байгаа боломжийнхоо хэрээр байгалийн бүтээгдэхүүнээ борлуулж ихээхэн хэмжээний орлого оруулж ирэх ёстой.”

Уул уурхайн баялгийг үнэ хүргэх гол гарц нь тээвэр. Өнөөдөр тээвэрлэлт нь өрсөлдөөнийг хойш чангааж байна. Иймээс 2010  оноос хойш яригдаж байгаа төмөр замыг нэг талд нь гаргаж шийдвэрлэхгүйгээр уул уурхайн баялгаа үнэ хүргэх боломж ховор. Ийм нөхцөлд УИХ дотоод хүчин зүйлийг бууруулах чиглэлд бодитой шийдвэрийг гаргах хэрэгтэй. Мөн өнөөдөр засгийн газрын хэрэгжүүлж байгаа зарим бодлого дээр ч үнэлэлт, дүгнэлтээ өгөх нь зөв.

Уул уурхайгаа ч хөгжүүлье, төмөр зам, авто замаа ч барья, байгаа боломжийнхоо хэрээр байгалийн бүтээгдэхүүнээ борлуулж ихээхэн хэмжээний орлого оруулж ирэх ёстой

Мөн УИХ-ын гишүүн Г.Батхүү гишүүн “ Бид Оюутолгой, Тавантолгойг хараад хичнээн жил суув. Нүүрсний экспортыг дэмжихэд төмөр замаа зургаан жил барьж чадахгүй сууж байна. Энэ бүгдийг хийх ёстой. Гэхдээ энэ бүгдийг хүлээхгүйгээр зөвхөн уул уурхайгаас хамааралгүй өөр чиглэлийн боломжтой зүйлийг хийхэд төрийн зүгээс анхаарах ёстой.

Бид оруулж ирж байгаа бондын мөнгөний зарцуулалтад сайн хяналт тавьдаг эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Өнөөдөр тэр мөнгүүд төсвийн хуульд захирагдахгүйгээр зарцуулагдаж байгаа.”гэсэн юм.

Монголдоо бүтээнэ гэж байгаа бол боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх нь зөв. Бүхнийг хийнэ гэхээсээ илүүтэй дотоод нөөц боломжоо түшиглэх хэрэгтэй. Тэр дундаа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх хэрэгтэй гэж Г.Батхүү гишүүн тайлбарлаж байлаа. Үйлдвэрлэл хөгжиж, ажлын байр нэмэгдсэн нөхцөлд ачаа эргэлт өснө. Үүний дараагаар замын асуудал шийдэгдэх боломжтой гэв.