Х.Батсайхан: Аттестатчилалд тэнцсэн сургуулиудын гэрчилгээг таван жилийн хугацаагаар сунгахаар болсон
БСШУЯ-наас өнгөрсөн онд дээд боловсрол олгох сургалт явуулдаг 55 байгууллагын үйл ажиллагаанд шалгалт хийж, аттестчилал явуулсан байна. Сургалтын байгууллагуудын 14 нь аттестчилалын шалгалтанд хангалтгүй үнэлгээ авчээ. Энэ талаар БСШУЯ-ны Мэргэжлийн боловсролын газрын мэргэжилтэн Х.Батсайханаас тодрууллаа.
-Их дээд сургуулиудыг аттестатчилалд хамруулсан гэж байна. Хэдий хэр хугацаанд аттестчилал явуулсан бэ?
-Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас “Дээд боловсролын сургалтын байгууллагыг аттестатчилах журам”-ын дагуу 2010-2011 оны хичээлийн жилийн сүүлийн хагаст 27 дээд боловсролын сургалтын байгууллагыг аттестатчилалд хамруулсан. “Аттестатчилалд хамрагдах сургуулийн нэр, аттестатчилалын комиссын бүрэлдэхүүн батлах тухай” Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2011 оны 384 дүгээр тушаалар 10 комисс байгуулан 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажиллаж, дүнгээ гаргалаа. Сургуулиудыг сургалтын байртай юу, сургалтын стандарт хөтөлбөртэй эсэх, номын сан нь шаардлага хангасан уу гээд олон зүйлд нь шалгалт явуулдаг.
-Аттестатчилалын комиссын бүрэлдэхүүнд ямар байгууллагуудын төлөөлөл оролцдог бэ?
-Аттестатчилах комиссын бүрэлдэхүүнд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны холбогдох газрын дарга, мэргэжилтэн, Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголын их, дээд сургуулиудын консорциум, Монголын хувийн их, дээд сургуулиудын холбоо, Монголын үйлдвэрчний эвлэл, Монголын оюутны холбоо, мэргэжлийн номын санчид зэрэг төлөөллийг оролцуулсан.
-Нийт улсын хэмжээнд хичнээн сургууль аттестатчилалд хамрагдсан бэ?
2011 онд 55 дээд боловсролын сургалтын байгууллагыг аттестатчилалд хамруулснаас 14 сургалтын байгууллагын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргаад байна. Өнөөдөр улсын хэмжээнд 95 дээд боловсролын сургалтын байгууллага үйл ажиллагаа явуулж байна. 2012 онд үлдсэн их, дээд сургуулийг аттестатчилалд бүрэн хамруулна.
-Аттестатчилалд тэнцсэн байгууллагуудыг гэрчилгээг хэдийн хугацаанд сунгадаг бэ?
-Аттестатчиллын дүнг үндэслэн сайн үнэлгээ авсан Ховд их сургууль, Дорнод дээд сургууль, Хөгжим бүжгийн коллеж, Сутай дээд сургууль, Түшээ дээд сургууль, Тэнгэр дээд сургууль, Олон улсын эдийн засаг, бизнесийн дээд сургууль, Газарчин дээд сургууль, Эм Ай Ю дээд сургууль, Хүмүүнлэгийн их сургуулийн харъяа Билиг дээд сургууль, Их монгол дээд сургууль, Үндэсний биеийн тамирын дээд сургууль, Рафлес олон улсын институтын Улаанбаатар дахь салбар, Дархан дээд сургууль, Эдийн засаг бизнесийн дээд сургууль, Хүрээ дээд сургууль, Монголын үндэсний дээд сургууль, Хэл иргэншилийн дээд сургууль, Урлах эрдмийн дээд сургууль, Цэцээ гүн коллеж, Сэтгүүлч коллеж зэрэг сургуулиудыг журмын дагуу оюутан “Аттестатчилагдсан”-д тооцож таван жилийн хугацаатай гэрчилгээ олгохоор боллоо.
-Аттестатчилалд сургуулиуд тэнцээгүй шалтгаан нь юу вэ?
-Аттестатчилалд тэнцээгүй Хантайшир коллеж, Гүүр коллеж, Старс коллеж, Монгол фермер коллежиудын сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийг 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн цуцлахаар сайдын 560 дугаар тушаал гарсан. Монгол Фермер дээд сургууль нь Аттестатчиллын тайлан өгөөгүй учир аттестатчилагдаагүй юм.