Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана
2014.03.30

Хүүхэд бол эцэг, эх, ах, эгч болон цэцэрлэгийн багшийн толь

Сүүлийн үед хүүхдийн эрх зөрчигдсөн олон сөрөг үзэгдэл нийгэмд ил болоод байгаа. Үүний нэг нь Хан-Уул дүүргийн 190-р цэцэрлэгийн багш хүүхдүүдийг зодож байсан нь илчлэгдсэн юм. Уг багшийг ажлаас нь халсан бөгөөд дахиж төрийн албанд хэзээ ч ажиллах боломжгүй болжээ.

Хүүхэд бол эцэг, эх, ах, эгч болон цэцэрлэгийн багшийн толь. Өөрөөр хэлбэл тэд томчуудын ямар үйлдэл гаргаж, юу хэлж байна, яг л тэрийг нь дуурайдаг. Бага насны хүүхэд хүн болох төлөвшлийнхөө 80 хувийг 3 настайдаа олж авдаг гэсэн ОУ-ын судалгаа байдаг.

Яг энэ цаг үед нь тэдэнтэй эелдгээр,  аливаа зүйлийн утга учрыг сайтар тайлбарлаж, муу муухай үлгэр дуурайлал үзүүлэхгүй байх нь хамгаас чухал.  Тэдэнтэй өндрийн түвшинд харилцах буюу томчууд доошоо сууж тэдний нүдтэй параллель харж харьцах ёстойг ч эрдэмтэн судлаачид хэлдэг юм. Энэ эрдэмд цэцэрлэгийн багш нар суралцсан байх учиртай. Гэтэл тэдэнтэй ингэж харьцах нь бүү хэл араатан шиг авирлаж байгаа багшийн бичлэг нийтэд ил болсон.

Бичлэг ил болсны дараа холбогдох байгууллагуудаас 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг тус цэцэрлэг дээр очиж шалгахад хүүхдүүдийг зодож, тэдний эрхэнд бүдүүлгээр халдаж байсан нь нотлогджээ. Уг эмэгтэй энэ оны 1-р сараас эхлэн Хан-Уул дүүргийн 190-р цэцэрлэгт ажиллаж эхэлсэн бөгөөд сүүлийн нэг сар гаруйн хугацаанаас ааш нь хувирсан гэдгийг туслах багш нь хэлжээ.

Түүний ингэж авирлаж байгаа нь хэрээс хэтэрсэн учраас туслах багш нь бүтэн 2 өдрийн турш 35 удаагийн бичлэг хийсний 15 нь хүүхэд зодсон бичлэг байжээ. Уг багш хүүхэд хөгжүүлэхэд огтхон ч анхаардаггүй байжээ. Өдөрт хоол өгөх, тоглуулах, унтуулах зэргээр цагийг аргацаадаг байсан нь шалгалтаар ил болсон бөгөөд ажлаас нь халж дахин хэзээ ч төрийн албаны сонгон шалгаруулалтад тэнцэхгүй гэсэн юм.

Нийслэлийн боловролын газрын дарга Ц.Отгонбагана: “Бид нэгэнт ийм ёсзүйн асуудлаар, ялангуяа хүүхэд зодсон асуудлаар ажлаас халагдаж байгаа багш нар эргээд төрийн албаны сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй болно. Өөр ямар ч цэцэрлэг, сургуульд багшлах боломжгүй.”

Эцэг эхчүүд хүүхдүүд нь гэртээ байх хугацаандаа янз бүрийн хараал хэлж, аав, ээжээ алгадан унт чи гэж зандрах, шөнө орой уйлагнаад унтахгүй байсан нь  багшийн анги дээрээ гаргаж байсан үйлдэл гэдгийг албаныханд хэлжээ. Цэцэрлэгийн багшид хүүхдээ даатган үлдээгээд явсан хойгуур иймэрхүү ёсзүйгүй авир дахин давтагдахаас сэргийлж бүх цэцэрлэгийг хяналтын камераар харах нь чухал болж байна.