Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэж буй бодлого, үйл ажиллагаа” сэдэвт дугуй ширээний ярилцлага боллоо
Ярицлагын үеэр
2014.03.27

Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэж буй бодлого, үйл ажиллагаа” сэдэвт дугуй ширээний ярилцлага боллоо

лсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас хамтран “Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэж буй бодлого, үйл ажиллагаа” сэдэвт дугуй ширээний ярилцлагыг өнөөдөр /2014.03.27/ Төрийн ордонд зохион байгуулав.

Ярилцлагыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан удирдан явууллаа. Ярилцлагын хүрээнд “Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэж буй бодлого, үйл ажиллагаа” сэдвээр БОНХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гантулга, “Ойн тухай хуулийн хэрэгжилт” сэдвээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, аялал жуулчлалын хяналтын хэлтсийн дага Д.Цэрэндаш, “Цагдаагийн байгууллагаас хууль бус мод бэлтгэлтэй тэмцэж буй өнөөгийн нөхцөл, цаашид авах арга хэмжээ”-ний талаар Мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Баянмөнх, “Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх “ сэдвээр Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн гишүүн доктор Н.Дашзэвэг нар илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Энэ удаагийн дугуй ширээний ярилцлагад Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун болон тус яамны мэргэжилтэн, Ойн судалгаа, хөгжлийн төв УТҮГ, МХЕГ, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар, Монголын байгаль орчны иргэний зөвлөл, Монголын ойчдын нэгдсэн холбоо, Ой модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо ТББ-ын төлөөлөл оролцож санал бодлоо солилцон, өөрсдийн байр сууриа илэрхийлэв.

Ойн сан бүхий газар нутгийг талбайгаар тооцож гаргахад ойн сангийн нийт талбай 18.5 сая.га буюу манай улсын нийт нутаг дэвсгэрийн 11.79 хувийн эзэлдэг байна.

Хууль бус мод бэлтгэлийн хэмжээ сүүлийн 5 жилийн байдлаар 31.5 хувиар буурсан ч хууль бус мод бэлтгэлийг таслан зогсоох арга хэмжээг улам эрчимжүүлэх шаардлагатай талаар илтгэлд дурдагдаж байлаа. Харин хууль бус мод бэлтгэл буурч байгаатай санал нийлэхгүй гэдгээ доктор Н.Дашзэвэг мэдэгдсэн юм. Тэрээр, хяналтгүй олон замууд байгаа цагт модны хулгай багасаж байна гэж хэлж болохгүй. Өдөр, шөнөгүй явагдаж байгаа модны хулгайтай жилд нэгээс хоёр удаа шалгалт явуулж байгаа нь хангалтгүй байгааг шүүмжилж, иймээс хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх сан байгуулах шаардлагатайг хэлсэн юм. Ингэхдээ сангийн эх үүсвэрийг байгаль орчныг хамгаалах сангийн болон ойн нөөцийг ашигласны төлбөрийн тодорхой хувь, ойн тухай хууль зөрчсөнөөс үүдсэн орлого, торгууль, гадаад, дотоодын болон хувийн байгууллагын хандив, тусламж мэтээс бүрдүүлэх шаардлага зайлшгүй гарч байгаа хэмээн тэрээр үзэж байгаа аж.

Хууль бус мод бэлтгэлийг таслан зогсоохын тулд нэн түрүүнд төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулж, гэмт зөрчлийг илрүүлсэн иргэд, аж ахуй нэгжийг бодитойгоор урамшуулах нь чухал гэж Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан өнөөдрийн дугуй ширээний ярилцлагыг дүгнэн хэлсэн юм.


Мөн ойн тухай хууль, холбогдох дүрэм журмыг шинэчлэх асуудал дээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо цаашид анхаарал хандуулахаа илэрхийллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх чиглэлээр зарлигийн төсөл боловсруулж Засгийн газарт хүргүүлэхээр болсонтой холбогдуулан тус Байнгын хороо энэхүү төслийн хүрээнд хамтран ажиллахаа мэдэгдсэн юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.