Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх чиглэлээр зарлигийг хүргүүлэхээр болов
Монгол улсын Ерөнхийлөгч
2014.03.27

Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх чиглэлээр зарлигийг хүргүүлэхээр болов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлигийн төсөл боловсруулжээ. Уг зарлигийн төслөөр санал авахаар Засгийн газарт хүргүүлэхээр болов.

Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх чиглэлээргаргасан  зарлигийн төсөлд:

Нэг. Монгол Улсад хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх чиглэлээр төрийн байгууллагуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, уялдаа холбоог хангах, энэ ажилд төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т чиглэл болгосугай.

  1. Холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр нөлөөнд хяналт шинжилгээ хийх, түүнд тулгуурлан цаашид баримтлах бодлогыг тодорхойлох, бодлогын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлах, хэрэгжилтийг хангах;
  2. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, цаашид хууль эрх зүйн орчныгболовсронгуй болгох,иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, сайн дурын бүлэг байгуулан ажиллуулах, урамшуулалолгох, санжүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгох чиглэлээр шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
  3. Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, хяналт шалгалтыг  сайжруулах, иргэдийн ахуйн хэрэгцээний мод, модон материалын эрэлтэд нийцсэн  нийлүүлэлт бүхий ойн тогтвортой менежментийн “сайн засаглал”–ын  тогтолцоог бий болгох;

Хууль бус мод бэлтгэхэд ашигласан техник, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийг хураан улсын орлого болгож, дуудлага худалдаагаар борлуулсан орлогын хэмжээгээр зөрчлийг илрүүлсэн,илрүүлэхэд бодитой туслалцаа үзүүлсэн,баримтжуулсан,мэдээлсэн иргэн, идэвхтэн байгаль хамгаалагч, сайн дурын бүлэг болон зөрчлийг илрүүлсэн байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч, цагдаагийн албан хаагчид урамшуулал олгох шуурхай тогтолцоог бүрдүүлэх;

Хууль бусаар мод тээвэрлэхэд ашиглаж буй авто замд байнгын хяналт тавих хөдөлгөөнт шуурхай эргүүлийн сүлжээг байгуулж ажиллуулах, эргүүлд шаардагдах тусгай тоноглолбүхий  машинаар 2015 оны эхний хагас жилд багтаан хангах;

Хоёр. Энэхүү зарлигийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг жил бүр улсын төсөвт тусгах, зарлигийн биелэлтийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгч болон олон нийтэд жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан тайлагнаж байхыг Засгийн газар /Н.Алтанхуяг/-т үүрэг болгосугай гэсэн байна.

Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх ажлыг нэн даруй эрчимжүүлэх, иргэдийн идэвхтэй оролцоонд тулгуурласан хяналтын үр нөлөөтэй тогтолцоог бий болгох, Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан үндсэн эрх, эрх чөлөөгөө иргэн хүн баталгаатай эдлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх, Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх шаардлагатай гэж үзэж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газарт чиглэл өгөх тухай уг зарлигийн төслийг боловсруулжээ.