Гандан орчмын дахин төлөвлөлтийг аялал жуулчлалын бодлоготой уялдуулан хийнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамж гаргалаа.
Захирамжийн дагуу нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Гандан орчмын дахин төлөвлөлтийг нийслэлд аялал жуулчлал хөгжүүлэх бодлогын зорилттой уялдуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа.
Тус ажлын хэсгийн даргаар Ц.Энхцэнгэл ажиллах бөгөөд нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Соёл, урлагийн газар, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар зэрэг холбогдох албаныхан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оржээ.
Ажлын хэсэг нь Гандангийн дэнжийн тодорхой хэсгийг гар урлалын төв, шашны аялал жуулчлалын дагалдах үйлчилгээ, эртний эдлэлийн дэлгүүр, бэлэг дурсгалын төв, гэр буудлууд бүхий соёлын аялал жуулчлалын төв болгон хөгжүүлэх санал боловсруулах юм. Боловсруулсан саналаа 2014 оны дөрөвдүгээр сарын 28-ны дотор нийслэлийн удирдлагуудад танилцуулахыг ажлын хэсэгт үүрэг болголоо.