Монгол-Оросын хамтарсан үйлдвэр байгуулах ажил Асгатын ордоор буухиална
“Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо
2014.03.27

Монгол-Оросын хамтарсан үйлдвэр байгуулах ажил Асгатын ордоор буухиална

Уул уурхайн яамнаас уламжлал болгон зохион байгуулдаг 17 дахь удаагийн “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Тус хуралд Уул уурхайн сайд Д.Ганхуяг болон газар хэлтсийн дарга нар оролцож, энэ сард салбартаа болсон онцлох үйл явдлуудаа танилцуулсан юм.  

Энэ сард Канадын Торонто хотноо “Уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдын олон улсын чуулган” болж, манайхаас Уул уурхайн сайд тэргүүтэй хүмүүс оролцсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Энэ үеэр тэрбээр “Монгол Улс дахь хөрөнгө оруулалт, эрдэс баялгийн салбарын эрхзүйн орчин урт хугацаанд тогтвортой, ойлгомжтой болсон. Монгол орон эрдэс баялаг арвинтай, дэлхийд эхний 5-д орох хэмжээний том зах зээл бүхий 2 хөрштэй, татварын харьцангуй таатай орчинтой. Хэрэв бид өмнө нь алдаж байсан бол дахин тийм алдааг давтахгүй” гэдгийг хэлсэн байна. Мөн “Бизнесийн хамгийн таатай орчинтой Монгол Улс” хэмээх мэссэжийг хөрөнгө оруулагчдад өгсөн гэлээ.

Түүнчлэн энэ сард уул уурхайн салбарт болсон бас нэгэн онцлох үйл явдал нь “Роснефть” компанийн ерөнхийлөгч И.И.Сечин манай улсад айлчилж, газрын тосны бүтээгдэхүүнийг урт хугацаанд, тогтвортой үнээр нийлүүлэх, тоо хэмжээг нь нэмэгдүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн. Үүнтэй холбогдуулан дээрх бүтээгдэхүүнийг хоолойгоор нийлүүлэх боломжийг судлах тухай саналаа илэрхийлжээ. Харин манай талаас, энэ онд 1 сая тонн хүртэл хэмжээний газрын тосны бүтээгдэхүүн худалдан авахаар өмнө тохирсоноо баталгаажуулжээ.

Манай улсын хувьд ОХУ-аас БНХАУ-д  экспортолж  буй  түүхий нефтийн тодорхой хэсгийг  манай улсаар дамжуулан төмөр замаар тээвэрлэж байсан үйл ажиллагааг дахин сэргээх, Асгатын мөнгөний ордыг ашиглах бие даасан Монгол, Оросын хамтарсан компани байгуулах зэрэг асуудлыг тавьсан байна. Үүгээрээ сүүлийн жилүүдэд тасалдаад байсан Монгол, Оросын хамтарсан үйлдвэр байгуулах ажлыг үргэлжлүүлэх аж. Уулзалтын үеэр Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Монголын талын төрийн өмчийн төлөөллийг “Эрдэнэс МГЛ” ХХК хэрэгжүүлэх зэрэг асуудлыг хөнджээ.

Мөн 3 дугаар сарын 12-нд Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт “Дулаан хар”-ын уурхайн баяжуулах үйлдвэр нээлтээ хийсэн. Тус баяжуулах үйлдвэрийг тусгай зөвшөөрөл эзэмшигч БНХАУ-ын “Чи хуа” группын “Юүшэнгминг” ХХК барьж ашиглалтад оруулжээ. Тус уурхай нь  300 мянган тонн хүдрийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Энэ нь Баруун бүс дэх хамгийн томд тооцогдох үйлдвэр бөгөөд ил, далд уурхай, баяжуулах үйлдвэрт нийт 700 орчим хүн ажлын байртай болох аж. Тус баяжуулах үйлдвэр энэ онд 84 мянган тн хүдэр боловсруулж, 50 тэрбум төгрөгийн борлуулалт хийх бол 2016 оноос бүрэн хүчин чадлаараа ажиллаж жилдээ 300 мянган тн хүдэр боловсруулж  одоогийн ханшаар 170 орчим тэрбум төгрөгийн борлуулалт хийнэ гэсэн тооцоо гаргажээ..