Төрийн бус байгууллагуудтай санал солилцох уулзалт боллоо
Иргэний эрүүл мэндийн үндэсний чуулга уулзалтад зориулсан төрийн бус байгууллагуудтай санал солилцох уулзалтыг ЭМЯ болон “Эрүүл мэндийн иргэний хяналт шинжилгээний зөвлөл” ТББ-аас /2014-03-24/ зохион байгууллаа.
Иргэний эрүүл мэндийн үндэсний чуулганыг энэ сарын 28-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөөд буй. Үүнтэй холбогдуулан иргэний нийгмийн байгууллагуудын санаа бодлыг сонсож зөвлөлдөх, чуулга уулзалтад оролцох тэдний оролцоог тодорхойлох, дээрхи чуулга уулзалтаас батлагдан гарах “Монгол Улсын Иргэний эрүүл мэндийн тунхаг” бичгийн төслийн талаар санал авах асуудлаар тус уулзалтыг зохион байгуулав.
Хүний эрүүл мэндэд нөлөөлдөг хүчин зүйлийг 100 хувь гэж үзэхэд 55-60 хувь нь тухайн хүний амьдралын хэвшил, зан үйлтэй холбоотой байдаг, 25 хувь нь бусад салбар/боловсрол, байгаль орчин, дэд бүтэц, хүнс, ядуурал, хөдөлмөр г.м/, 10-15 хувь нь эрүүл мэндийн байгууллага, эрүүл мэндийн ажилтнуудаас тус тус хамаардаг ба 5-10 хувь нь тухайн хүний удамшлаас хамаатай байдгийг ДЭМБ тогтоосон байдаг. Аливаа улс орнууд иргэдийн эрүүл мэндийг хамгаалахдаа дээрхи хүчин зүйлсийг удирдан ажиллахад гол чиглэлээ хандуулдаг байна.
Шинэчлэлийн засгийн газрын хүрээнд эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийг эрүүл мэндийн байгууллага, эмч, ажилчдад чиглүүлэн (хүний эрүүл мэндэдэд нөлөөлдөг хүчин зүйлсийн 10-15 хувийг эзэлж буй бүлэг) 2013 онд хийж ирлээ. Энэ хугацаанд эрүүл мэндийн байгууллага, эмч, ажилчидтай холбоотой хүлээгдэл чирэгдэлийг бууруулах, хүнд суртлыг арилгах, албан бус төлбөрийг бууруулах, харилцаа хандлагыг өөрчлөн сайжруулах, алдаа дутагдалыг бүртгэж, бууруулах, төвлөрлийг сааруулахад чиглэсэн суурь шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн.
2012 оны 11 дүгээр сард Сайдын тушаалаар батлагдсан Эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийн бодлогын хүрээнд өнөөдөр эрүүл мэндийн салбарт хүлээгдэл чирэгдэлээ бүртгэдэг шинэ соёлтой болсон ба эрүүл мэндийн статистикт эмнэлгийн хүлээгдэл чирэгдлийг бүртгэж, мэдээлдэг боллоо. Ингэснээр өнгөрсөн он гэхэд эмнэлэгт хэвтэх, эмнэлэгт үзүүлэх иргэдийн тоо/хэдэн 1000-аар/ нэмэгдэж эхэлсэн. Мөн эмнэлэг хооронд өвчтнийг шилжүүлэх чирэгдлийг бууруулах үүднээс бүх эмнэлгүүдийг яаралтай тусламжийн тасаг, нэгжтэй болгосон. Энэ чиглэлийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэхээр эрмэлзэж байна.
Телемедициний сүлжээг орон даяар нэвтрүүлсэн. Үндэсний хэмжээний яаралтай тусламжийн асуудлаар тогтмол хурал зохион байгуулж, статсистик мэдээлэлтэй болж байна.
Иргэдийн эрүүл мэндийн асуудалд бусад салбарыг татан оролцуулах, иргэдийн оролцоог уг асуудалд хандуулахаар зорин ажиллаж байна.
Эрүүл мэндийн ажилтны хариуцлагын даатгалын тухай хуулийг Засгийн газраар хэлэлцүүлэхэд бэлэн болгоод байна. Мөн Сэтгэлд нийцсэн найман үйлчилгээг эрүүл мэндийн байгууллагуудад бий болгохоор ажиллаж байна. Тодорхой хэмжээгээр хэрэгжиж эхэлсэн.
Түүнчлэн Эрүүл мэндийн сайд хэлэхдээ, иргэдийн эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлсийн 55-60 хувийг эзлэнэ гэж үзэж буй хувь хүний амьдралын хэвшил, зан үйл рүү хандсан ажлыг 2014 онд хийхээр Эрүүл мэндийн салбарын эрчимтэй шинэчлэлийн бодлогоо тодорхойлоод байна хэмээсэн юм. Мөн тэрээр, иргэдийн эрүүл мэндийн асуудалд бусад салбарыг татан оролцуулах, иргэдийн оролцоог уг асуудалд хандуулахаар зорин ажиллаж байна. Энэ хүрээнд хийгдэх нэг ажил нь энэхүү “Иргэний эрүүл мэндийн үндэсний форум” болох юм гэлээ.
Эрүүл мэндийн талаархи бүх нийтийг боловсролтой болгосноор өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой гэдгээ хувь хүн, иргэн мэдэж, эрүүл мэндээ өөрсдөө хэрхэн хамгаалах, өвчнөөс яаж урьдчилан сэргийлэх талаар мэдлэг эзэмших, чадвартай болох нь чухал юм гэдгийг уулзалтын үеэр эрүүл мэндийн сайд хэлж байв.
Уг төрийн бус байгууллагуудын санал солилцох уулзалтын үеэр“Эрүүл мэнд миний гарт” гэдэг үгийг хүн бүр ойлгож, амьдралын зөв хандлага, хэвшил, эрүүл мэндийн мэдлэгийг сурч, хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоо чухал юм гэдгийг талууд хэлж, энэхүү санаачлагыг гаргасан ЭМЯ болон тус ТББ-ыг сайшаан, дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлж байлаа.
Монголын улаан загалмайн нийгэмлэгийн дарга Н.Болормаа уулзалтын үеэр цаг үеэ олсон, чухал асуудлыг харж, үйл ажиллагаа болгож буйд талархалтай хандаж буйгаа илэрхийлээд, “МУЗН иргэний эрүүл мэндийг дэмжих чиглэлээр стратеги төлөвлөгөөндөө тодорхой зорилтуудыг тавьсан байдаг. Энэ чиглэлээр ЭМЯ, бусад иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажилладаг. Эрүүл мэндийн сайдын санаачилж байгаа “Иргэний эрүүл мэндийн довтолгоо” хэмээх үйл ажиллагаанд онцгой анхаарал хандуулж байгаа” гэсэн юм.
Эрүүл мэндийн талаархи бүх нийтийг боловсролтой болгосноор өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.
Цаашид МУЗН-ээс Эрүүл мэндийн яамтай хамтарч нийгмийн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр боловсруулж, хамтран хэрэгжүүлэх саналтай буйг илэрхийлэв.
Тус уулзалтад оролцсон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх нь нэн шаардлагатай ажил гэдгийг онцлоод, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд тодорхой ажлуудыг санаачлан хэрэгжүүлдэг боловч хөрөнгө мөнгө болон бусад дэмжлэг, туслалцаа дутмаг байдгаас төдийлөн цар хүрээгээ тэлэх боломж сул байдгийг хэлж байсан юм.
Мөн иргэдэд хүргэх эрүүл мэндийн мэдээлэл дутмаг байгаа тухай зарим төрийн бус байгууллагаас онцолж байсан ба мэдээлэл, харилцаа, холбоо хөгжиж байгаа өнөө үед хүмүүсийн эрүүл амьдралын дадал, хэвшлийг бий болгох сурталчилгаа, богино хэмжээний шторк, мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулах нь илүү үр нөлөөтэй гэдгийг хэлж байлаа.
Уулзалтаар Монгол Улсын Иргэний эрүүл мэндийн тунхаг бичгийн төслийн талаар хэлэлцэв. Энэхүү “ИРГЭНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУНХАГ” нь иргэдийн өөрсдийнх нь санаачлагаар боловсрогдож, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийн санал, дүгнэлтийг авсан, Иргэний эрүүл мэндийн үндэсний чуулганаар хэлэлцэгдэж батлагдсан баримт бичиг болох юм.