Оюутан залуусын эрүүл мэндийг дэмжих уулзалт боллоо
“Оюутан, залуусын эрүүл мэндийг дэмжих зөвлөлдөх уулзалт” боллоо
2014.03.19

Оюутан залуусын эрүүл мэндийг дэмжих уулзалт боллоо

Эрүүл мэндийн яам, ДЭМБ, ЭМШУИС хамтран “Оюутан, залуусын эрүүл мэндийг дэмжих зөвлөлдөх уулзалт” зохион байгуулжээ.

Тус уулзалтад ЭМЯ, ДЭМБ, ЭМШУИС болон бусад Их, Дээд сургуулийн төлөөлөгчид, холбогдох мэргэжилтнүүд оролцсон байна.

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа уулзалт, зөвөлгөөний үеэр,
-Монголын хүн амын 40 орчим хувийг 18 хүртэлх насны хүүхдүүд, 13 орчим хувийг 19-24 хүртэлх насны залуучууд эзэлж байна. Хүний амьдралын хамгийн эрчимтэй хөгжлийн нас бол энэхүү 10-19 нас бөгөөд энэ үед бие бялдарын бөгөөд оюун ухааны хувьд ч бүрэн хөгжиж төлөвшдөг.

Бид яагаад “Оюутан, залуусын эрүүл мэндийг дэмжих” уулзалтыг зохион байгуулж байна вэ гэхээр энэ насныхан нийгмийн харьцангуй эрүүл бүлэг юм. Насанд хүрэгчдийн архаг өвчнүүдийн 60 хувь нь өсвөр насанд өвчлөл олсон байдаг боловч мэдэхгүй явсаар хожуу хүндэрсэн үедээ илэрдэг.

Монгол улсын хэмжээнд 99 их дээд сургууль,коллежид нийт 200 мянга орчим оюутан суралцаж байгаагийн 88,9 хувь нь нийслэлд амьдарч байна. Эдгээрээс 17 мянга орчим нь дотуур байранд амьдардаг ба нийт оюутнуудын 50 гаруй хувь нь орон нутгийн харъяалалтай гэсэн тоо баримт байдаг. Эдгээр залуучуудын эрүүл мэндийн асуудлыг төрийн бодлогын хэмжээнд авч үзэх шаардлага зүй ёсоор гарч байна.

Оюутан, залуусын эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэхэд эрүүл мэндийн боловсрол, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн бүх байгууллагууд хамтран ажиллах шаардлагатай бөгөөд үүнд их, дээд сургуулиудын удирдлагууд та бүхний оролцоо туйлын чухал гэдгийг онцоллоо.