Д.Оюунхорол тойрогтоо ажиллаад ирлээ
УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол
2014.03.17

Д.Оюунхорол тойрогтоо ажиллаад ирлээ

УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол өнгөрсөн өдрүүдэд Завхан аймагт ажиллаж, Улиастай хотын эмэгтэйчүүдийн болон иргэний нийгмийн байгууллагын чуулган, аймгийн Удирдах ажилтны зөвлөгөөнд оролцжээ.

Зөвлөгөөнд аймаг, сумдын 120 гаруй удирдах албан тушаалтан оролцсон байна. Мөн аймгийн МАН-ын хорооны 32 дугаар бага хуралд оролцож, намынхаа бодлого шийдвэр, цаашдын зорилтыг танилцуулжээ.

Иргэд, сонгогчидтой уулзахдаа УИХ-аас батлан гаргасан хууль тогтоомж, бодлого шийдвэрийг танилцуулж, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, цаг үеийн мэдээллийг хүргэж санал хүсэлтийг нь сонсчээ. Нийт найман сумын 2500 орчим иргэдтэй уулзсан байна.

Орон нутгийн иргэд хэд хэдэн асуудлыг голчлон ярьж, төр засагт уламжилж өгөхийг хүсчээ. Эдгээр асуудлын дийлэнх нь малчдын ахуй амьдралд анхаарал хандуулах, төрийн хүнд суртал, нүсэр бүтэц, үрэлгэн зардал нэмэгдсэн тухай аж. Тухайлбал, малчдын эрүүл мэнд, нийгмийн баталгааны асуудал хүнд байгаа учраас тэдний тэтгэврийн насыг наашлуулах, залуу малчдыг дэмжиж нийгмийн даатгалаа төлөх боломж олгох хуулийн төсөл санаачилсанд талархсанаа илэрхийлжээ.

Хүний хөгжлийн сангаас сар бүр иргэн бүрт олгодог байсан мөнгийг 50 хүрэхгүй малтай өрхөд өгөх боломжтой эсэх талаар асуужээ. Үүний зэрэгцээ алслагдсан бүс нутагт оршин суугчдын амьжиргаанд бензиний үнэ их нөлөөлж байгааг ч хөнджээ. Тиймээс бараа бүтээгдэхүүнийг Улаанбаатар хотын үнэ ханштай ижил төвшинд хүргэх талаар арга хэмжээ авч өгөхийг хүссэн байна. Өртөг өндөртэй хэрэглээнээс болоод ихэнх залуучууд төв рүү нүүж орон нутаг эзгүйрч байгааг ч нутгийнхан анхааруулжээ.  

Түүнчлэн жижиг, дунд үйлдвэрлэлийн зээл эзэндээ хүрдэггүй, жирийн иргэнд хамрагдах боломж олддоггүй, DDSH телевизийн 18 сувгийг хааж 60 суваг болгох гэж байгааг эсэргүүцэж буйгаа тойргоос сонгогдсон гишүүндээ дуулгасан байна.

Мөн орон нутагт өнөөдөр ч гомдол тасрахгүй байгаа зүйл бол сурагчдын дүрэмт хувцас аж. Дунд сургуулиар явж хүүхдүүдэд вакцин хийхдээ эцэг эхээс нь зөвшөөрөл авдаггүй тохиолдол ч олон байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Мөн залуучуудын боловсролд анхаарах цаг болсныг ч сануулаад авчээ.

Төрийн албаны бүтэц данхайж, яамдын тоо олширсон ч ард иргэдийн амьдралд наалдаж байгаа юм маруухан байна гэж Завханыхан шүүмжилжээ. Тэтгэврийг дөнгөж 2.5-7 хувиар нэмэгдүүлсэнд ахмадууд гомдолтой яваагаа дуулгаж, төр засгаас өндөр настны талаар тодорхой бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатайг захисан байна. Мөн Сүхбаатар жанжнаар нэрлэгдсэн төв талбайн нэрийг өөрчилсөнд иргэд эгдүүцэж байгаагаа илэрхийлжээ.

Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтийг бүх ард түмний санал асуулгын үндсэн дээр шийдвэрлэх, үндэсний уламжлал, ёс заншлаа дээдлэх талаар аль ч төвшинд анхаарах ёстойг завханчууд энэ удаад санал болгожээ.