“Монголын геологи, хайгуул-2014” чуулга уулзалт энэ сарын 20-21-нд болно
“Монголын геологи, хайгуул-2014” чуулга уулзалтыг энэ сарын 20-21-нд Оросын соёл, шинжлэх ухааны төвд зохион байгуулахаар товлосноо Монголын геологийн холбооноос мэдээллээ.
Зургаа дахь жилдээ болж буй энэхүү чуулга уулзалтаар геологи, хайгуулын салбарт тулгамдсан асуудлын талаар илтгэл тавьж, салбарын мэргэжилтнүүдийн санал бодлыг сонсох гэнэ. Нийтдээ 1000 орчим төлөөлөгч оролцохоос гадна гадаадын өндөр зэрэглэлийн мэргэжилтэн ирж, манай геологичдод хичээл заах аж.
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг хориглоод гурван жил болж байгаа. Энэ хугацаанд геологи, хайгуулын үйл ажиллагаа 60 хувиар буурсан гэсэн судалгаа гарчээ.
Аж ахуйн нэгжүүд 2011 оны үед 5000 орчим хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан бол өдгөө 1600 болж цөөрсөн гэнэ. Үүнийг дагаад олон геологич ажилгүй болсон аж. Иймд төрөөс геологи, хайгуулын салбарыг дэмжсэн бодлого баримтлах хэрэгтэй гэж Монголын геологийн холбооны төлөөлөл үзэж байв.