Хайгуулын лиценз олгох хоригийг цуцалж магадгүй гэв
Хайгуулын лиценз шинээр олгож эхлэх тухай асуудлыг УИХ-ын хаврын чуулганаар шийдэж, хоригийг цуцалж магадгүй тухай Уул уурхайн сайд Д.Ганхуяг ярьсныг “Reuters” эш татав.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн жил огцом буурсантай холбоотойгоор үргэсэн хөрөнгө оруулагчдыг эргүүлэн татахын тулд Монгол Улс ийм алхам хийх магадлалтайг Торонтод болсон Монголын бизнес чуулганы үеэр тэрбээр тодотгожээ.
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг 2010 оны зургадугаар сараас хойш хориглосон. Үүнээс гадна Засгийн газартай холбоотой хэд хэдэн шалтгааны улмаас гадаадын шууд хөрөнгө оруулалт сүүлийн хоёр жилд буурч, зэс, нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудын хувьцааны ханш ч эрс суларсан юм.
Канадын хөрөнгө оруулагчдын өмнө тавьсан “Монгол Улсад бизнес эрхлэхэд нээлттэй” хэмээх ерөнхий сэдэв бүхий илтгэлийнхээ үеэр сайд Д.Ганхуяг “Өнгөрсөнд гаргасан алдаагаа Монгол Улс өнөөдөр давтахгүй” хэмээн ярьжээ.