Органик бүтээгдэхүүнээ экспортлоход НҮБ-аас дэмжлэг хүсэв
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын ерөнхий захирал Хосе Грациано Да Силва
2014.03.14

Органик бүтээгдэхүүнээ экспортлоход НҮБ-аас дэмжлэг хүсэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын ерөнхий захирал Хосе Грациано Да Силваг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Та НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын ерөнхий захирлаар сонгогдон ажлаа хүлээн авснаас хойш Монголд хоёр дахь удаагаа айлчилж байгаа нь бидний хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгч буйн илэрхийлэл юм” хэмээв.

Дараа нь Хосе Грациано Да Силва Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, цаашид Монгол Улстай улам бүр эрчимтэй хамтран ажиллана гэдгээ мэдэгдэв. Тэрбээр БНСВУ-ын нийслэл Ханой хотноо 2012 онд зохион байгуулагдсан НҮБ-ын ХХААБ-ын Ази - Номхон далайн бүсийн 31 дүгээр бага хурал амжилттай болж, дараагийн ээлжит бага хурлыг Монгол Улс даргалах болсон тухай дурдлаа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус байгууллагыг Монголын хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, ялангуяа зудын гамшиг, шүлхий өвчний дэгдэлтийн үед яаралтай тусламж үзүүлж ирсэнд талархав.

Хосе Грациано Да Силва хэлэхдээ Монголын талаас НҮБ-ын ХХААБ-ын бүхий л үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдийг дэмжин ажиллаж байгаад талархлаа илэрхийлэв. Мөн тэрбээр Монголын байгаль орчин, газар хөрс нь бохирдоогүй байгааг сайшааж, энэ нь газар тариалангийн цаашдын хөгжилд сайнаар нөлөөлөхийг онцлов.

Мөн уулзалтын үеэр хүнсний аюулгүй байдлыг сахин хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлж цаашид хүнсний бүтээгдэхүүн экспортлох талаар ярилцав. Чацаргана зэрэг Монголын органик хүнсний бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулах, экспортлох замаар бүс нутгийн, цаашилбал дэлхийн хүнсний хангамжид өөрийн гэсэн хувь нэмрийг оруулахад НҮБ-ын ХХААБ-ын тусламж хэрэгтэй байгаа тул Монголд ХХААБ-ын байнгын бие даасан суурин төлөөлөгчийн газар байгуулах шаардлагатай байгаа тухай ярилцлаа.