Г.Баярсайхан: Малаа вакцинжуулах нь малчны нийгмийн хариуцлага
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Хүнсний аюулгүй байдлын тухай хууль шинэчлэгдэж, бүрэн мөрдөгдөж эхэлсэн. Гэтэл сүүлийн үед хүнсний бүтээгдэхүүнүүд элдэв асуудал дагуулах боллоо. Тэгэхээр хуулийн хэрэгжилт тааруухан байна гэсэн үг үү?
-Бид энэ хуулийн хэрэгжилтэд анхаарал тавин ажиллаж байгаа. Хуулийн хэрэгжилттэй холбоотой асуудлууд эхнээсээ үүсч байна. Тухайлбал “Импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошгод агуулагдах мэдээлэл монгол, эсхүл англи, орос хэлний аль нэгээр бичигдсэн байна” гэсэн заалт бий.
Гэтэл яг ийм шошготой бүтээгдэхүүн маш ховор байна. Өөрөөр хэлбэл хэрэгжилтийн явцад энэ хуулийг дахин боловсронгуй болгох асуудал гарч байна гэсэн үг. Аюулгүй байдалтай холбоотой учраас бид дахин ажиллах шаардлага гарч ирж байна.
-Уг нь энэ хуулийг хамгийн сайн хэрэгжүүлж, хянах хүмүүс нь гааль болон мэргэжлийн хяналтынхан. Харин хачир дээрээ эдгээр газрууд хуулийн хэрэгжилтийг замхруулаад байх шиг?
-Би хувьдаа МХЕГ, Гаалийн ерөнхий газартай холбоотой асуудалд байнга шүүмжлэлтэй ханддаг. Хилээр хориотой бараа, бүтээгдэхүүн орж ирэхэд гаалийнхан юу харж байдаг юм бэ. МХЕГ ч гэсэн “Ниргэсэн хойно нь хашхирав” гэсэн байдалтай ханддаг. Тиймээс эдгээр байгууллагын бүтцийг өөрчлөх шаардлагатай гэж боддог.
-Тэгвэл сүүлийн үед хурдацтай тархаж байгаа шүлхийн асуудалд байнгын хороо ямар байр суурьтай байгаа вэ?
-Энэ тал дээр байнгын хороо холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, цаг үеийн мэдээлэл солилцон, ажиллаж байгаа. Тухайлбал Онцгой байдлын ерөнхий газар, Мал эмнэлэг, үржлийн газар, салбарын яамны мэргэжилтнүүдтэй уулзаж санал солилцсон.
Ер нь иймэрхүү асуудалд бид цаашид хэрхэн хандах, хавар болгон гардаг гал түймрийн аюулыг хэрхэн шийдэх, шүлхийн асуудал дээр гэхэд байнга гаднаас өндөр үнээр вакцин авч, түүнээсээ хараат байх уу гэх зэрэг олон асуудлыг нэг мөр шийдэх цаг нь болсон.
-Өөрсдөө вакцин хийж чадахгүй мөртлөө авч ирж байсан хэдийгээ хөлдөөчихлөө гэх яриа гараад байгаа. Энэ талаар юу хэлэх бол. Мөн манайд дотооддоо вакцин үйлдвэрлэх бололцоо бий юу?
“Ийм асуудал гараагүй, ташаа мэдээлэл тараасан байна. Вакциныг зориулалтын чингэлэгт зөөвөрлөж байгаа” гэж хариулсан.
-Яг энэ хөлдсөн үү, үгүй юу гэдэг асуудлаар бид холбогдох хүмүүсээс нь тодруулахад “Ийм асуудал гараагүй, ташаа мэдээлэл тараасан байна. Вакциныг зориулалтын чингэлэгт зөөвөрлөж байгаа” гэж хариулсан.
Харин дотооддоо үйлдвэрлэх тухайд боломжгүй биш, боломжтой. Үүнийг тусгай бодлогоор хэрэгжүүлэх ёстой. Өнөөдөр бид өөрсдөө зарим төрлийн вакцин үйлдвэрлэж байгаа. Ингээд бодохоор орчин нөхцлийг нь бүрдүүлчихвэл, шүлхийн вакцин үйлдвэрлэх боломж бий гэж бодож байна. Ингэж чадвал вакцины импортод чиглэсэн валютын урсгалыг зогсоож болно. Уг нь био комбинатад тодорхой шинэчлэл хийж байгаа шүү дээ. Гэхдээ нэгэнт байдал ийм болсон болохоор бид холбогдох хүмүүст нь вакциныг дүрэм журмынх нь дагуу яаралтай оруулж ирэх үүрэг өгсөн.
-“Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд вакцинжуулалт хийгддэггүй юм уу?
-Хийдэг. Үндсэн хуульд ч монгол малаа төр хамгаалах тухай заалт бий. Гэхдээ малчид төрөөс урамшуулал, хөнгөлөлт авч, олон төрлийн татвараас чөлөөлөгддөг. Тиймээс малаа вакцинжуулалтад хамруулах нь малчдын нийгмийн хариуцлага. Энэ асуудлыг тэд 100 хувь хариуцах учиртай. Уг нь ухамсрын асуудал шүү дээ. Гэтэл орон нутагт хүн ам сийрэг тархан суурьшсан, малчид гоц халдварт өвчний талаарх ойлголт сул зэргээс бүх малыг эмнэлгийн арга хэмжээнд хамруулж чаддаггүй нь вакцинжуулалтын үр дүнд сөргөөр нөлөөлж байна.
Үүнд малчдын мэдлэг дутмаг, уг арга хэмжээний ач холбогдлыг ойлгохгүй явдал бас нөлөөлж байна. Иймд мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг малчдад зөв таниулах, ойлгуулах шаардлага гарч байна.
Цаашид ээмэгжүүлэлт, бүртгэлжүүлэлт, вакцинжуулалтын арга хэмжээг төрөөс малчдад олгож буй урамшуулалтай холбох ноос, арьс ширний, татвар, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтүүдийг эдийн засгийн хөшүүрэг болгон ашиглах, вакцинжуулалтын хөлсийг нэмэгдүүлсэнээр малчдыг хариуцлагажуулах боломж бий.