800 гаруй эмэгтэй их хуралдайд оролцлоо
“Эмэгтэйчүүдийн их хуралдай” төрийн ордонд
2014.03.11

800 гаруй эмэгтэй их хуралдайд оролцлоо

МАХН-ын дэргэдэх Шударга ёс, Монголын эмэгтэйчүүдийн нэгдсэн холбооноос “Эмэгтэйчүүдийн их хуралдай”-г өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

Их хуралдайд орон нутаг болон нийслэлээс 800 гаруй төлөөлөгчид оролцож байна. 

Энэ үеэр УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд болон МАХН-ын дэд дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва нар тодорхой сэдвийн дор илтгэл тавьж, хэлэлцүүлсэн юм.

Монгол Улсын өнцөг булан бүрээс цугласан эмэгтэйчүүдийн төлөөлөл улс төр, нийгэм, эдийн засаг, өнөөгийн нөхцөл байдал, эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоо зэрэг олон сэдвийг хөндөж ярилцсан бөгөөд Монгол Улсын ирээдүйн хөгжил дэвшилд эмэгтэйчүүдийн оролцоо ямар байх ёстой, хүний эрх, шударга ёс, эх оронч үзэл зэрэг үнэт зүйлсийг эрхэмлэн, нээлттэй нийгмийг төлөвшүүлэхийн төлөө зорилгоо нэгтгэн ажиллахаар ярилцсан юм.

Энэхүү хуралдайгаас гарсан илтгэлүүд болон зөвлөмжийг төрийн гурван өндөрлөгт хүргүүлэх, цаашид эмэгтэйчүүдийн оролцоо нийгэмд ямар үүрэгтэйг онцолж, УИХ дахь эмэгтэй гишүүдээрээ дамжуулан төр засгийн эрх мэдэлтнүүдэд хүргэнэ гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.

МАХН-ын нарийн бичгийн дарга О.Лхагвацэдэн “Энэ хуралдай хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа. Эмэгтэйчүүд, ээжүүд маань ирж өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж байна. Өнөөгийн Монгол орны нийгэм эдийн засаг, улстөрийн нөхцөл байдлыг хөндөж ярилцлаа. Орон нутагаас ирсэн төлөөлөгчид маань өөрсдийн үг, саналаа илэрхийлж байгаа юм. Энэхүү хуралдайгаар эмэгтэйчүүдийн өнөөгийн нөхцөл байдал, хүүхдийн асуудал, өрх толгойлсон эмэгтэйчүүд, эмэгтэйчүүд, охидын хүчирхийлэл зэрэг олон асуудлын хөндөж ярилцлаа.  Мөн нийгэмд тулгамдаж буй төрөх эмнэлгийн хүрэлцээ, хүүхдийн цэцэрлэг зэрэг олон асуудлыг хөндөж, зөвлөмжид тусгаж байна” гэлээ.

Төрийн өндөрлөгүүдэд Эмэгтэйчүүдийн хуралдайгаас гаргасан зөвлөмжийг хүргэхээс гадна цаашид эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх талаар шаардлага тавьж ажиллахаа тэд мэдэгдсэн юм.