Баруун аймгийн иргэд тэтгэврийн нэмэгдлийг чамлаж байна
-Д.Тэрбишдагва Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Увс аймагт ажиллалаа-
Өвөрхангай, Баянхонгор аймагт төл малын дуу цангинаж, малчдын сэтгэл тэнийж байхад түүний залгаа орших Завхан, Увс аймагт мал хараахан төллөөгүй байна. Цас ихтэй, шөнөдөө хасах 40 хэм хүртэл хүйтэрч байгаа учраас мал төллөвөл хээл алдах вий гэсэн айдас энэ аймгуудын ард түмэнд бий ажээ.
МАХН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн, Шадар сайд Д.Тэрбишдагва өнгөрсөн долоо хоногийн туршид эдгээр аймагт ажиллаж мал, малчин хоёрын аж амьдралаас эхлээд аймаг орон нутгийн хөгжил, тулгамдаж буй асуудал, Засгийн газарт дайх үгийг нь сонслоо. Түүнээс гадна МАХН- аас жил бүр уламжлал болгон хэрэгжүүлж буй “Шударга ёсны аян”-ыг үргэлжлүүлж иргэдтэй уулзаж санаа бодлыг нь сонссон юм.
Мэдээж нам, улс төрийн ажлаас гадна өөрийн харъяанд буй онцгой, мэргэжлийн хяналт, стандартчилал, хэмжил зүйн газар, худалдан авах ажиллагааны газрын үйл ажиллагаатай танилцаж үнэлэлт дүгнэлт өгч амжлаа. Ингэхдээ өөрийн амны уншлагаболсон “Дэгтэй Монгол Дэлхийд манлайлна” гэдгээ албан хаагчдад нэгт нэгэнгүй тайлбарлаж өгөв. Энэ нь төрийн өндөр албан тушаалтнаас эхлээд иргэн хэн ч байсан эрхэлсэн ажилдаа сахилга хариуцлагатай хандаж ажиллахыг сануулж буй хэрэг ажээ. Түүнтэй хамт МАХН-ын нарийн бичгийн дарга П.Цогтбаатар нарын албаныхан ажилласан.
Бүрд сумынхан Н.Энхбаярын санаачилсан “Мөргөлийн зам”-ыг хүсэв
Шадар сайдын энэ удаагийн томилолт Өвөрхангай аймгийн Бүрд сумаас эхэлсэн. Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн төрсөн нутаг гэдгээр нь олон нийт андахгүй мэднэ. Бас нэг нэрийн хуудас нь Монголын төв цэг. Үүнийгээ дагаад аялал жуучлал хөгжүүлэхболомж байдгийг ч сумын Засаг дарга Б.Очирсүх уулзалтын эхэнд Шадар сайдад уламжилсан.
Тус сум нь нийт 3000 орчим хүн амтай. Сумын төвдөө бол 1000 гаруй нь ажиллаж, амьдардаг байна. Нийт иргэдийн олонх нь мал дагаж амьдардаг ард түмэн. Засаг дарга Б.Очирсүхийн хэлж буйгаар сумын Засаг даргын тамгын газрын байр болоод эмнэлгийн барилга нь нурж унах дөхсөн гэнэ. Гэхдээ улсын төсвөөс энэ жилд багтан 600 сая төгрөг гаргаж эмнэлгийн барилгыг барьж өгөхөөр болжээ.
Уг нь 2012 онд бариад дуусчих байсан ч улсын төсөвт хөрөнгө мөнгө оролгүй байсаар цаг алдсан нь тэр бололтой. Шадар сайд Д.Тэрбишдагва үүний дараа сумын иргэдтэй уулзсан.