Сумдад ажлын байр бий болгоход анхаарахыг хүслээ
Хөдөлмөрийн сайдын Завхан аймгийн иргэдтэй хийж буй уулзалт өнгөрсөн өдрүүдэд хойд болон говийн сумдад үргэлжиллээ.
Уулзалтын үеэр иргэд “Холын сумдад шатахууны үнэ төвтэй харьцуулахад 50-100 төгрөгийн нэмэгдэлтэй байгаа нь өргөн хэрэглээний болон бусад бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлж байна” гэж хэллээ.
Үүнд Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав нефтийнхээ хэрэгцээг Монгол Улс гадаадаас хангадаг нь үнийг нь тогтвортой байлгахад амаргүй явж ирсэн. Тухайлбал, ОХУ нефтийн экспортын татвараа нэмэгдүүлэхэд Монголын нефтийн компаниуд татаж байгаа бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөхөөс аргагүйд хүрч жижиглэн худалдаан дээр асар их дарамт учруулдаг байсан. Ийм нөхцөл байдал дунд олон жил явж ирсэн.
Шинэчлэлийн Засгийн газар нефтийн бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгахын тулд “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлсэн. Үр дүнд нь бензин, шатахууны үнэ харьцангуй тогтвортой байсан. Нөгөө талаас “Монгол-93” шатахууныг бий болгож, худалдаанд гаргасан. Энэ нь Дорнодын нутгаас олборлож байгаа газрын тосоо өмнөд хөрш рүү экспортолж буцаагаад нефть болгон импортоор авдаг болсноор нэг улсаас хараат байх бололцоотой болсон. Мөн Дархан-Уул аймагт нефтийн үйлдвэр баригдсанаар бензин, шатахууны үнэ тогтвортой байх бололцоог бий болгоно гэлээ.
Уулзалтын үеэр хөндөгдсөн хоёр дахь чухал асуудал нь орон нутгийн залуусыг ажлын байраар хангах нь чухал аж. Сумын иргэдийн хэлж байгаагаар “Суманд ажил хийх сонирхолтой залуучууд олноор байдаг ч ажлын байрны хүрэлцээ муутай байдгаас шалтгаалан ажилд орж чаддаггүй. Мөн Хөдөлмөрийн яамнаас зохион байгуулж байгаа Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрийг суманд зохион байгуулах гэхээр суманд тэр болгон ажлын байрны захиалга ирэдггүйгээс нэг бол хот, нөгөө бол аймгийн төв орж ажиллаж амьдрахаас өөр аргагүйд хүрдэг” гэлээ.
Харин ч жижиг цех, хоршоотой гэрээ байгуулаад хамтран ажиллах боломж нээлттэй.
Мөн мэргэжилтэй ажилтан бэлтгэх энэ санал санаачлагад хүн бүр хамрагдаж хамгийн гол нь орон нутагтаа ажлын байртай болж, сайхан амьдрах хүсэл эрмэлзэлтэй байгаагаа ч хэлж байсан юм.
Дээрх асуудалд Хөдөлмөрийн сайд “Орон нутгийн онцлогт тохирсон ажлын байрыг сумдад нэмэгдүүлэх, хөдөөгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, Хөдөлмөрийн яамнаас хэрэгжүүлж байгаа ЖДҮ-ийн төсөл хөтөлбөр, Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрөөр дамжин хэрэгжиж байгаа.
Суман дээр байгуулагдсан, ажиллаж байгаа оёдол, нарийн боов, гагнуур гэх мэтийн жижиг цехүүдтэй гэрээ байгуулаад, хоршоо хэлбэрээр хамтарч ажиллаж боломж байгаа. Заавал том үйлдвэр, компани хайгаад байх шаардлагагүй. Харин ч жижиг цех, хоршоотой гэрээ байгуулаад хамтран ажиллах боломж нээлттэй. Тиймээс жижиг гэж гололгүйгээр хийгээд үзээрэй гэж хэлэх байна” гэсэн юм.
Сум, орон нутагт ажилтай иргэдийн дийлэнх хувийг жижиг дунд үйлдвэр эрхлэгчид эзэлдэг. ЖДҮ-ийг хөгжүүлэхэд төрийн зүгээс ямар хөнгөлөлтийн бодлогууд хэрэгжиж байгаа талаар олон үйлдвэрлэгч, иргэд асууж хариулт авлаа.
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав “Жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхэлж байгаа улсуудын татварын буцаалт гэдэг асуудлыг бид өнөөдөр хийхээр ажиллаж байна. Улсад хувийн бизнес эрхэлж байгаа улсуудын 90 хувь нь 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуй нэгжүүд эзэлж байна. Тэгэхээр энэ 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуй нэгжүүдийнхээ 90 хувийн татварыг буцааж олгох юм.
Жилийн хугацаанд улсад татвараа төлж явж байгаад оны эцэст тэрийгээ буцааж олгох бололцоог бүрдүүлж байгаа. Ингэснээр тэр мөнгөөрөө ажилчдынхаа цалинг нэмэх, үйлдвэрлэлээ өргөжүүлэх боломж бүрдэнэ” гэлээ. Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавын Завхан аймагт хийж байгаа ажлын томилолт үргэлжилж байна.