УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Хөвсгөл аймагт
2014.02.26

Хөвсгөлчүүд тэтгэврийн нэмэгдлээ голов

УИХ-ын намрын чуулган завсарласан боломжийг ашиглаж УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгийн 22 сум, Хатгал тосгонд ажиллав.

Тойрогтоо ажиллах хугацаандаа тэрээр УИХ-аас баталсан хууль, тогтоол, улс орны эдийн засгийн нөхцөл байдлын талаар иргэдэд танилцуулж, мөн ээлжит бус чуулганаар 2014 оны төсвийн тодотголын хуулийг хэлэлцэх болж байгаа талаар мэдээлэл өгсөн юм.

Орон нутагт ажиллах үед нь аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар тэргүүтэй тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Иргэний бүртгэлийн хэлстийн дарга, мэргэжилтнүүд хамтарч нэг баг болон ажилласанд төрийн үйлчилгээг иргэнд ойртуулах чухал ажил боллоо хэмээн хөвсгөлчүүд сэтгэл өндөр байлаа.

Тэднийг сумдад ажиллах үед нь иргэд бизнесийн зээлийг ямар нөхцөлөөр авах боломжтой, зорилтот бүлгүүдийг хэрхэн ажлын байраар хангах бодлогыг төрөөс барьж байгаа, жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлд хамрагдахын тулд ямар төсөл бичвэл илүү алсыг харах, залуу малчдыг малжуулах төсөлд хамруулах эсэх, нийгмийн даатгалын зөрчлөө хэрхэн арилгуулах боломжтой, ахмад настны тэтгэврийг дахин нэмэх үү зэрэг олон асуултад хариулт авч, тулгамдсан асуудлуудаа шийдүүлж авав.

Ахмадуудын хувьд тэтгэврийн нэмэгдэлд сэтгэл гонсгор суугаагаа нуусангүй. Засгийн газрын зүгээс бага тэтгэврийг ахиу нэмнэ гэх амлалт өгч, нэмэгдлийг олон нийтэд зарлахгүйгээр “Сэм нэмнэ” хэмээн том сурталчилгаа хийсэн ч цаад агуулгаараа сэм дусаах байдлаар тэтгэврийг нэмсэн нь хууран мэхлэлт болсон гэж шүүмжлэх ахмадууд цөөнгүй байв. Улсын хэмээнд нийт тэтгэвэр авагчдын 70-80 хувийг бага тэтгэвэртэй иргэд эзэлдэг аж. Тэдний тэтгэвэр 27 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Энэ нь инфляцийн төвшинтэй уялдуулж тэтгэврийг нэмэх Засгийн газрын амлалттай дүйгээгүй төдийгүй саяхан нефть импортлогч компаниуд бензин, шатахууныхаа үнийг өсгөсөн нь хүндээр тусч байгааг иргэд хэллээ.

Улаанбаатар хотод авто бензин 1 литр тутамдаа 40-50 төгрөгөөр өссөн бол Хөвсгөл аймгийн алслагдсан сумдад 100 төгрөгөөр нэмэгдсэн байна.  Ачаа, бараа татахаас эхлүүлээд амьдралын наад захын хэрэгцээ гарахад машин хөдөлгөхөөс аргагүй. Гэтэл гол идэш нь болсон бензин, шатахууны үнэ нэг далайлтаад 1 литр тутамдаа 100 төгрөгөөр өссөн нь чадан ядан амьдралаа залгуулж яваа иргэдийн хувьд үүрэх ачааг нь улам хүндрүүлж, хаврын урт өдрүүдийг зутруухан давах болж байгааг сөрөг хүчнийхэн анхааралдаа авч эрх баригч хүчнийхэнд бодит байдлыг үзүүлж, зохих арга хэмжээг авахуулах шаардлага байна гэдгийг ч захисан юм.

Малчин эмэгтэйчүүд чууллаа

Чуулга уулзалтын зорилго нь малчин эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, үүргийг нэмэгдүүлж, харилцан туршлага солилцох тулгамдаж буй асуудлыг нь төрийн хэмжээнд хүргэхэд чиглэсэн юм.

Малынхаа тоо толгойгоор улсдаа тэргүүлэх зэрэгт бичигддэг Хөвсгөл аймагт УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн ивээл дор хоёрдугаар сарын 22-23-нд малчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт болж өндөрлөв. Чуулга уулзалтын зорилго нь малчин эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, үүргийг нэмэгдүүлж, харилцан туршлага солилцох тулгамдаж буй асуудлыг нь төрийн хэмжээнд хүргэхэд чиглэсэн юм.

УИХ-ын гишүүн, Хөвсгөл аймгийн Малчин тариаланчдын нэгдсэн холбооны тэргүүн  Л.Энх-Амгалан чуулганд оролцсон малчдад хандан “Малчдын талаар төрөөс баримтлах бодлого, “Монгол мал” үндэсний хөтөлбөр хэрэгжсэнээр малын ноос, арьс ширэнд урамшуулал олгодог болсон. Цаашид эрүүл баталгаатай малын мах, сүүнд урамшуулал олгох журам боловсруулагдаж байна.

Малчдынхаа нийгмийн даатгалын тогтолцоонд өөрчлөлт оруулж хүнд хортой нөхцлийн ажил мэргэжлийн жагсаалтад Малдыг оруулах, ажилласан нэг жилийг нь 1.5 жилээр тооцох, эрт тэтгэвэрт гарах боломжийг судлан нэр бүхий гишүүдийн хамт хуулийн төсөл өргөн барьсан. Мал аж ахуйн салбарыг нуруундаа үүрч яваа малчдынхаа хөдөлмөрийг төр нь үнэлэх цаг болсон” гэсэн юм.

Чуулганд сум бүрээс 3 эмэгтэй төлөөлөгчөөр оролцож, Удирдлагын академи болон эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөлөл сургалт явуулж, мөн эрүүл мэндийн үзлэг, оношлогоонд оруулсан юм.

Төрийн үйлчилгээнд сэтгэлгээний шинэчлэл хийнэ

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран хоёр дахь жилдээ Хөвсгөл аймгийн Удирдах ажилтны Зөвлөгөөнийг зохион байгуулав. Дээрх арга хэмжээнд 24 сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, ЗДТГ-ын дарга, ИТХТ-ийн нарийн бичгийн дарга, 125 багийн Засаг дарга нар болон Засаг даргын эрхлэх хүрээний хэлтэс, агентлагын, ОНӨҮГ-ын дарга нийт 300 гаруй ажилтан албан хаагчид оролцсон юм.

Төрийн үйлчилгээг иргэндээ шуурхай, чанартай хүргэхэд ёс зүйтэй удирдлагын манлайлал чухал байгааг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан онцлов. Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар "Авилга, ашиг сонирхолоос ангид байх, "том" дарга биш "ухаалаг" дарга байх, мэдээллийн ил тод байдлыг хангасан, иргэндээ ээлтэй үйлчилгээ үзүүлж ажиллахад онцгой анхаарч ажиллахыг хүссэн юм. Мөн хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулахаар болов.