Ч.Улаан: Оюу толгойн дараагийн хөрөнгө оруулалт эхэлбэл эдийн засгийн өсөлт нэмэгдэнэ
УИХ-ын намрын чуулган сар шинийн өмнөхөн завсарласан. Харин ирэх гуравдугаар сарын 20-нд ээлжит бус чуулган хуралдах тов гараад байгаа. Чуулган завсарласан энэ өдрүүдэд Төрийн ордон нам гүмхэн байна. Гишүүдийн зарим нь гадаадад яваа бол нэг хэсэг нь хөдөө орон нутагт ажиллаж буй юм. Тэгвэл УИХ-ын зарим гишүүд хаагуур, юу хийж амарч байгаа талаар тодруулснаа хүргэе.
-УИХ-ын намрын чуулганыг хоёрдугаар сарын 10-нд завсарлуулах товтой байсан ч гэнэт Цагаан сарын өмнө завсарлууллаа. Шалтгаан нь юу байв?
-УИХ-ын чуулган нэг ээлжиндээ 56 хоног хуралдсан бол завсарлах болзол нь хангагддаг хуультай. Тэгэхээр би гэнэт гэж үзэхгүй байгаа.
-УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байхыг хориглох тухай асуудлыг хэлэлцэж байхад ийн завсарласан нь эргэлзээ төрүүлж буй. Тэгээд ч хаврын чуулганаар хэлэлцэх асуудлаа хүртэл батлалгүй яаран завсарлалаа шүү дээ?
-Яахав. Хаврын чуулганыг эхлүүлэхдээ энэ асуудлыг хэлэлцчихэж болно. Энэ бол заавал байх ёстой зарчмын асуудал. Харин гадуур давхар дээлийг тайлах хуулийг баталсан өдрөөсөө мөрдөх гээд байсан учраас чуулганыг завсарлууллаа гэж байсан. Энэ бол таавар гэж томьёолж байгаа юм. Хуулийг анх өргөн барихдаа хэрэгжиж эхлэх хугацааг нь заачихсан байна билээ. Тэгэхээр батлагдвал тэр заалтаараа л явах байх. Үүнээс болж чуулганыг завсарлуулах шаардлага байгаагүй гэж бодож байна.
-Та бол УИХ, Засгийн газрын гишүүний албыг давхар хашдаг. Өөрөөр хэлбэл та энэ хуулийн тухайд ашиг сонирхлын зөрчилтэй гэж болно. Дэмжиж байна уу, эсрэг саналтай байгаа юу?
-Хэлэлцээд соёлтой, парламентын засаглалтай улс орнуудын жишгээр оновчтой хувилбарыг нь олж болно. Огт байж болохгүй гэж үгүйсгэлгүй, дандаа ийм байна гэж туйлширч болохгүй. Хоёр хувилбараар бид явж үзсэн. Ер нь ярилцаад хэлэлцүүлгийн явцад бүхнийг олонхиороо шийдэх хэрэгтэй. Засгийн газрыг гаднаас бүрдүүлнэ гэж байгаа ч холимог хувилбар байж болно шүү дээ.
-Та чуулганы завсарлагааны хугацаанд юу амжуулахаар төлөвлөж байна. Мэдээж Сангийн сайд хүн хийх ажил ихтэй байгаа. Гуравдугаар сард эдийн засгийн өсөлт нэмэгдэнэ гэж байсан. Та бүхэн амлалтаа биелүүлж чадах уу?
-Морин жилийг өөдрөгөөр харж байгаа. Эдийн засгийн өсөлт ирнэ. Ер нь ч манай улсын эдийн засаг өндөр өсөлттэй байгаа. Мөн Оюу толгойн хоёр дахь ээлжийн хөрөнгө оруулалт эхэлбэл эдийн засгийн өсөлт илүү нэмэгдэнэ. Оюу толгойгүйгээр л гэхэд өнгөрсөн онд 11 хувийн өсөлттэй байлаа. Тухайн үед гадаад орчин таагүй байж хоёр хөршийн эдийн засаг сайнгүй байхад өсөлт гарсан. Ийм байхад гадаад орчин таатай болбол эдийн засаг илүү тэлж өсөх нь ойлгомжтой. Энэ мэтээр чуулганы хугацаанд хийх ажил их бий.
-Таван толгойн бүтээн байгуулалтын үр шимийг хэзээ хүртэж эхлэх вэ. Ажиллаж эхэлснээсээ хойш эдийн засагт дэм болох нь бүү хэл бүр ч өр, зээлд нэрвэгдсэн газар болж хувирсан?
-Энэ оны эхний хагас жилд нийлүүлэлт хэвийн байвал өрөө дарж дуусна. Тэгэхээр сүүлийн хагас жилд өгөөжийг нь үзэж өрмийг нь хүртэх болно.