Ч.Улаан: Улсын сан хөмрөг алсдаа арвижих, эдийн засаг бэхжих үндэс тавигдсан
МАХН-ын гишүүд өчигдөр намын байрандаа золголтоо хийж, шинэлсэн юм. Энэ үеэр Сангийн сайд Ч.Улаантай ярилцсанаа хүргэж байна.
-Сар шинэдээ сайхан шинэлэв үү. Онд мэнд орж, тарган тавтай хаваржиж байна уу?
-Мэнд ээ. Сар шинэдээ сайхан шинэлэв үү.
-Төрийн түшээ, уяач хүний хувьд сар шинэ нэлээд өргөн дэлгэр болж байгаа байх. Нутагтаа очиж амжив уу, нийслэлд шинэлэв үү?
-Миний хувьд нийслэл, хотдоо шинэллээ. Би чинь олон дүүтэй. Бас дээр нь нас яваад, жил орж байгаа шүү дээ.
Тэгээд ч ач, гуч олон болсон. Тиймээс зочин гийчин ихтэй, суурин байлаа. Их өргөн дэлгэр сайхан шинэлгээ болж байна.
-Таныхаар улиран одсон могой жил монголчуудад хэр үр өгөөжтэй байв аа?
-Могой жил үр өгөөж сайтай жил болж өнгөрлөө. Эдийн засаг, санхүүгийн хувьд олон шинэ зүйлийн эхлэлийг тавьж чадсан гэж миний хувьд үнэлж, бас дүгнэж байгаа.
Ингэснээр Монгол Улсын сан хөмрөг алсдаа арвижих, эдийн засаг бэхжих үндэс суурь тавигдсан.
Ялангуяа дотоодын болон гадаадын зах зээл дээрээс хөрөнгө оруулалтыг ихээхэн нэмэгдүүлж чадсанаар Монгол Улсын хөгжилд ойрын ирээдүйд үр өгөөжөө өгөх үндэс суурь тавигдсан гэж дүгнэж байна. Энэ нь Монгол Улсын цаашдын хөгжил цэцэглэлтэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгаа.
Мэдээж ирж буй морин жилд өмнөх шийдвэрүүдийнхээ үр өгөөжийг хүртэж эхэлнэ гэдэгт итгэлтэй байгаа.
-Тэгэхээр та Монгол Улсын Сангийн сайдын хувьд морин жилд ихээхэн найдвар тавьж байгаа бололтой. Эдийн засгийн хувьд тогтвортой байх нь гэж ойлгож болох нь ээ?
Монголчуудын маань эдийн засаг, санхүүгийн байдал морин жилд дээшилнэ.
-Морин жил монголчуудад маш ивээлтэй жил. Өгөөжөө өгсөөр ч ирсэн. Монголчуудын маань эдийн засаг, санхүүгийн байдал морин жилд дээшилнэ. Эргэлзэх зүйл огтхон ч байхгүй. Эргэлзэж, тээнэгэлзсэн, билэг дэмбэрэлгүй зүйл яримааргүй байна.
Өнгөрсөн жилийн хөрөнгө оруулалтууд үр дүнгээ өгөх цаг ойртсон. Тэгэхээр манай улсын эдийн засаг тогтворжино.
Мэдээж хүндрэл, бэрхшээл бий. Өргөс авсан мэт шууд арилгаж чадахгүй. Тийм боломж, бололцоо ч байхгүй.
Тиймээс тодорхой цаг хугацаа хэрэгтэй. Хамгийн гол нь цаашдаа өндөр өсөлттэй хөгжих баттай үндэс суурь тавигдсан гэдгийг онцолмоор байна.
-“Чингис” бондын зарцуулалт багагүй хэл ам дагуулсан. Үүнтэй зэрэгцээд эхний ээлжийн зарцуулалтын үр дүн харагдаж эхлэх байх гэсэн хүлээлт үүсчихсэн байгаа шүү дээ?
-Мэдээж үр дүн нь түргэн гараасай гэж бодолгүй яах вэ. Гэхдээ ганцхан жилийн хугацаанд үр дүн нь бүрэн гүйцэд гарна гэж байхгүй шүү дээ. Томоохон үйлдвэрлэлийн төслүүд тодорхой цаг хугацаа шаардана. Ирэх 2-3 жилийн дотор эхнээсээ мэдрэгдэнэ.
Тиймээс бид “Чингис” бондын хөрөнгө оруулалтаар эдийн засгийн үр ашигтай төслүүдийг эхний ээлжинд санхүүжүүлэхэд онцгой анхаарал хандуулсан. Эдгээрийн үр дүн 2015-2016 онд гарч, эхний төлбөрөө түүгээр хийх ёстой хэмээн бид хүлээж байна.
-Амжих болов уу. Ихэнх хэсгийг нь үр өгөөжөө удаан өгдөг, дэд бүтцийн салбарт зарцуулчих шиг болсон?
-“Чингис” бондын гуравны хоёрыг нь дэд бүтцийн салбарыг хөгжүүлэхэд хөрөнгө оруулсан. Мэдээж энэ хэсэгт оруулсан хөрөнгийн үр дүн нэлээд урт удаан хугацаанд харагдана.
Гэхдээ энэ нь эдийн засгийн суурь салбар хөгжихөд зайлшгүй шаардлагатай гэдгийг санах хэрэгтэй. Харин гуравны нэгтэй тэнцэх хэмжээний хөрөнгийг эдийн засгийн үр өгөөжөө шууд өгөх төслүүдэд хуваарилсан.
-Өнөөдөр /өчигдөр/ МАХН-ынхан золголтоо хийж байна. Сар шинийн өмнө намын дарга Н.Энхбаярыг ирнэ гэх сураг байсан. Гэвч эх орондоо шинэлсэнгүй. Таны хувьд даргатайгаа хамгийн сүүлд хэзээ холбоо барьсан бэ?
-Сар шинийн өмнөхөн бид утсаар холбогдсон. Эмчилгээгээ үргэлжлүүлэн хийлгэж байгаа болохоор ирэх хугацаа нь тодорхойгүй л байна. Өөрийнх нь хувьд аль болох хурдхан л ирэхийг хүсч байгаа юм билээ.
-УИХ-ын Тамгын газрын дарга асан Ц.Шаравдорж намын гишүүнчлэлээ сэргээсэн. Харин саяхнаас МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга болох гэж байгаа тухай яригдаж эхэллээ. Өөрөөр хэлбэл МАХН бүтцийн өөрчлөлт хийх гэж байна уу?
-Ц.Шаравдорж намын гишүүнчлэлээ сэргээсэнд нь бид их баяртай байгаа. Хүн өөрийнхөө үзэл бодолд үнэнч байх ёстой. Өөрөөсөө урвана гэдэг хамгийн байж боломгүй асуудал. Өөрийн итгэл үнэмшлээрээ анх энэ намыг сонгож, үйл хэргийн төлөө өдий хүртэл зүтгэж ирсэн хүмүүс үзэл бодолдоо үнэнч, хэвээрээ байгаад нь би хувьдаа талархаж баяр хүргэж байгаа.
Одоогоор намын бүтэц зохион байгуулалтын тухай яригдаагүй. Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба ажлаа хийж байгаа. Удахгүй намын Бага чуулган, Их хуралдай болно. Тиймээс тэр хүртэл үүрэгт ажлаа хийцгээж байгаа.
-Хүйтний улиралд морин уралдааныг эсэргүүцэгчид олон болсон. Харин уяач хүний хувьд та энэ асуудалд ямар байр суурьтай байдаг вэ?
-Морин уралдаан дотроо өвөл, хаврын гээд өөрийн гэсэн дүрэмтэй. Намрын дунд сарын шинийн 17-ноос хаврын эхэн сарын шинийн 3-ныг хүртэл аливаа уралдаан зохион байгуулахыг дүрмээрээ хориглосон байдаг. Мэдээж цаг агаар болон өвөлжилтийн байдалтай холбоотой шүү дээ.
Хаврын уралдааныг хаврын урь орсон үед зохион байгуулах нь зүйтэй. Яагаад гэвэл адуу, малыг бүтэн жилийн туршид эдлэх учиртай. Тэгэхгүйгээс монголчууд маань сайхан ёс, уламжлалаасаа хөндийрч болзошгүй болчихоод байна.
Сүүлийн үед адуу, малыг унаж эдлэхээ байж, хонины бэлчээрт мотортой дугуй, мотоцикль унаад давхиж байдаг болж. Энэ мэтээс үүдээд адуугаа эдлэхгүй байна. Ингэснээр эцэст нь морь унаж, эдлэх, уралдуулах соёл маань мартагдаж, орхигдож болзошгүй юм. Тиймээс асуудлыг аль аль талаас нь бодолцох нь зүйтэй болов уу.
Хаврын уралдааныг эсэргүүцэж байгаа нь үндсэндээ унаач хүүхдүүдийн эрхийг хүндэтгэж байгаа хэрэг. Гэхдээ хэзээ ч, ямар ч уралдаан зохион байгуулсан хүүхдийн аюулгүй байдлыг дээд зэргээр, маш сайн хангах учиртай. Үүний тулд хувцас, хамгаалалтын стандартыг тогтоож, чанд мөрдөх ёстой. Түүнчлэн уяачдын хариуцлагыг ч өндөржүүлэх хэрэгтэй.
-Морин жилийн анхны дугаарын уншигчдад маань зориулж ерөөлийн үг хэлэх байх?
-Ирж буй энэ сайхан жилдээ монголчууд найман шарга мориныхоо бэлгэдлээр, алдартай хурдан буянуудынхаа эрч хурдаар хөгжил дэвшил рүү дүүлнэ гэдэгт итгэж байна. Өгөөжтэй жил гарч байгаа болохоор элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байж, ажил үйлс нь өөдөө дээшээ, эрүүл саруул, инээд баяслаар дүүрэн байхын ерөөл дэвшүүлье.