Япон эмч нар зүрхний өвчтэй Монгол хүүхдүүдэд тусална
2010.10.08

Япон эмч нар зүрхний өвчтэй Монгол хүүхдүүдэд тусална

Манай улсад сүүлийн жилүүдэд төрөлхийн болон олдмол зүрхний цоорхойтой, мөн судасны нарийсалтай хүүхдийн тоо өссөөр байгаа юм.

Нийслэлийнхэн бол шинэ үеийн техник тоног, төхөөрөмжийн бараг хажууд байгаа учраас үзүүлж харуулаад байх бололцоотой. Харин алслагдсан баруун аймгуудад энэ талаархи мэдээллийн хүртээмж муу байдгаас иргэд нь эрүүл мэндийн төсөл хөтөлбөрт тэр бүр хамрагдаж чаддаггүй.

УИХ-ын гишүүн С.Бямбацогтын санаачилсан “Сандаг” сангийнхан, Японы “Heart Savind Project” хэмээх төслийн байгууллагатай хамтран ажиллаж, тус улсын эмч нарыг баруун аймгуудын зүрхний согогтой хүүхдүүдийг орон нутаг нь үнэ төлбөргүй үзлэг оношлогоонд хамруулсан байна.

Үр дүнд хагалгаа хийж зүрхний цоорхойг нь нөхөх, зүрхний судас тэлэх шаардлагатай гэсэн оноштой гарсан хүүхдүүдэд мэс засал хийхээр Японоос нарийн мэргэжлийн эмч, профессорууд манай улсад дахин ирлээ. Энэ удаад 40 гаруй хүүхдэд хагалгаа хийхээр төлөвлөжээ.

Төслийн үйл ажиллагаанд ЭНЭШТ-ийн хүүхдийн зүрх судасны тасгийн эмч нар, мөн нэгдсэн III эмнэлгийн зүрх судасны тасгийн эмч нар хамтран ажиллах гэнэ. Ийм томоохон мэс засал дор хаяж 40 мянган ам.долларын өртөгтэй байдаг.

Харин манайханд энэ их мөнгө хаанаас байх билээ. Тэгээд дээрээс нь эмч нарын ирж, буцах зардал, байр хоол зэргийг тооцвол бараг л 60 мянгаас хол давна. Харин “Сандаг” сангийнхны тусламжтайгаар энэ мэс заслыг үнэ төлбөргүйгээр хийнэ.

“Монголын ирээдүй болсон нэг ч гэсэн хүүхдэд нас нэмсэн буянтай ажил болж байна” хэмээн эцэг, эхчүүд ам сайтай байлаа. Эхний ээлжид зайлшгүй мэс засал хийх шаардлагатай таван хүүхдэд Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд хагалгаа хийх юм.

Энэхүү үйл ажиллагаатай өчигдөр Эрүүл мэндийн сайд С.Ламбаа танилцлаа. 2001 оноос хойш хэрэгжүүлсэн энэ төслийг сайд их олзуурхаж байна билээ. Арга ч үгүй биз. Нэг ч гэсэн Монгол хүүхдийн зүрх хэвийн байвал улс эх оронд маань л хэрэгтэй байх.

Х.ТАКАШИ: 100 ХҮҮХЭД ТУТМЫН НЭГ НЬ ТӨРӨЛХИЙН ЗҮРХНИЙ ГАЖИГТАЙ БАЙНА


Энэ үеэр “Heart Savind Project” төслийн эмч Хигаки Такашигаас цөөн асуултад хариулт авлаа.

-Монгол хүүхдүүдэд энэ төрлийн өвчлөл хэр элбэг байна вэ. Гол шалтгаан нь юу байна?

-Ер нь бол элбэг тохиолдож байна. Монгол хүүхдүүдийн өвчлөлтийн гол шалтгааныг одоогоор нарийн тогтоосон юм байхгүй. Тийм боломж ч хомс. Гэхдээ 100 хүүхэд тутмын нэг нь төрөлхийн зүрхний гажигтай байна. Энэ талаар би сайн хэлж мэдэхгүй ээ. Үүнд судалгаа хэрэгтэй. Ингэхийн тулд би Монголд ажиллах хэрэгтэй. Дараа нь харин яг юунаас болж зүрхний төрөлхийн гажиг үүсч байгааг тогтоох боломжтой.

-Мэс засал хийх бэлтгэлийг хэр хангасан бэ?

-Ерөнхийдөө сайн хангасан байгаа. Одоо хүүхдүүддээ оношилгоо хийсний дараа эмч нар хуралдаж шийдвэрээ гаргана. Тэгээд яаралтай орох шаардлагатай гэсэн таван хүүхдийг ирэх долоо хоногт мэс засалд оруулна.

-Та нар хэд хоног ажиллах вэ?

-Долоо хоног ажиллаж 30 орчим хүүхдэд мэс засал хийхээр төлөвлөсөн.

АНГИОГРАФИЙН ТӨХӨӨРӨМЖИЙГ БАРУУН БҮСТ ТАВИХ БОЛОМЖТОЙ

Дээрх төхөөрөмжийг баруун бүст тавих боломжтой гэдгийг “Сандаг” сан болон төслийнхөн ярьж байна. Энэхүү өртөг өндөртэй мэс заслыг орон нутагт хийх боломжийг бүрдүүлэх тал дээр тус сангийнхан ажиллаж байгаа гэнэ.

Мэдээж ийм төвийг Ховд аймагт нээвэл зөвхөн хүүхэд багачууд гэлтгүй насанд хүрэгчдэд хүртэл том тус болох юм.

Зүрхний өвчнөөр шаналж буй олон мянган хүн зардал мөнгөнөөс эхлүүлээд ямар нэгэн чирэгдэлгүй эрүүл саруул болох боломж нээгдэх учиртай. Ингэхийн тулд мэргэжлийн эмч, мэргэжилтэн хэрэгтэй. Ийм хүмүүсийг ч бэлтгэж, дадлагажуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа ажээ.

Өнгөрсөн тавдугаар сард “Сандаг” сангийн шугамаар япон эмч нар манай улсад ирж, Ховд аймагт ажиллах хугацаандаа зүрхний өвчтэй 0-18 насны 150 гаруй хүүхдэд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийсэн байна.

Сонирхолтой нь, энэ хагалгааны дараа ямар нэгэн том шарх сорви үлдэхгүй. Учир нь, япон эмч нар дэлхий нийтээр хэрэглэж буй сүүлийн үеийн арга технологиор уг мэс заслыг хийх юм. Өөрөөр хэлбэл, зүсэлт хийхгүй, зөвхөн зүрхэнд хүрдэг бүдүүн судсаар дамжуулан маш нарийн аргаар хийдэг, өвчтөндөө хүндрэл, зовиур учруулдаггүй хагалгаа юм байна.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.