Д.Энхжаргал: Шилэн тендер төрийн урсгал зардлыг хэмнэнэ
Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 2012-2016 онд тендерийг 100 хувь цахим хэлбэрт шилжүүлнэ гэсэн
2013.12.19

Д.Энхжаргал: Шилэн тендер төрийн урсгал зардлыг хэмнэнэ

Худалдан авах ажиллагааны газрын дарга Д. Энхжаргалаас шилэн тендерийн талаар тодрууллаа.

-Шилэн тендер гэж юуг хэлээд байна вэ?

-Энэ бол цахим худалдан авалт юм. Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 2012-2016 онд тендерийг 100 хувь цахим хэлбэрт шилжүүлнэ гэсэн. Энэхүү ажлын хүрээнд цахим тендер, цахим худалдан авалтыг шил шиг тунгалаг, ил тод, хэмнэлттэй, шуурхай, чанартай, хариуцлагатай зохион байгуулъя гэдэг үүднээс шилэн тендер гэдэг ойлголтыг бид гаргаж ирсэн.

-Ирэх онд хэчнээн тендер цахим хэлбэрээр зарлагдах вэ?

-Өнгөрч буй онд бид нийт 167 тендер буюу 22 хувийг нь цахимаар явуулсан. Ирэх жил 137 төсөл, арга хэмжээгээ мэргэжлийн байгууллага нь 80 хүртэлх хувийг, орон нутаг, нийслэлд 50 хүртэлх хувийг цахимаар явуулъя гэдэг төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Төрийн байгууллага шилэн тендерээр бараа, үйлчилгээгээ аваад ирэхээр ямар үр дүн гарах бол?

-Төрийн урсгал зардал хэмнэгдэх боломжтой. Наад зах нь, шатахуун түлшний зардалд хэмнэлт гарна. Төрийн байгууллага бүхэн унаа тэрэгтэй. Гэтэл шатахуунаа олон газраас янз бүрийн үнээр авдаг. Шилэн тендертэй болсноор энэ нь үгүй болно.

-Шилэн тендер жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжих нэг хэлбэр гэж үзэж байгаа. Гэтэл бодит амьдрал дээр интернэтийн сүлжээ байтугай компьютер ч үгүй хэрчсэн гурилын цех байгаа. Орон нутагт интернэтийн хурд ямар байгаа билээ. Тэд маань цахим хэлбэрт орж заншсан нь хэр билээ гэдэг олон эргэлзээ байна?

-Орон нутаг, нийслэл, дүүргийн худалдан авах ажилгааны албадын бүх даргыг дуудаад цахим худалдан авалтын сургалтаа эхэллээ. Эхлээд албаны хүмүүс өөрсдөө цахим тендерийн системтэйгээ ажиллах, худалдан авах арга барилаа эзэмшсэн байх ёстой. Дараа нь иргэд, аж ахуйн нэгж рүүгээ хандсан сургалтыг хийнэ. Ирэх онд бид цахим худалдан авалтаа зохион байгуулна. Дээрээс нь цахим дэлгүүр ажиллуулах юм.