“Шинэчилж шийдье-222” хэлэлцүүлгийн үеэр ирэх онд санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг зарлалаа
“Шинэчилж шийдье-222” уулзалт хэлэлцүүлгийг өнгөрсөн оны есдүгээр сараас зохион байгуулсан.
15 дахь удаагийн хэлэлцүүлэг Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд Шилэн тендер сэдэвтэй болж, улсын төсвийн хөрөнгөөр 2014 онд шинээр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжаа аж ахуйн нэгжийн удирдлагуудад Шинэчлэлийн Засгийн газраас танилцууллаа.
Манай улс ирэх онд 1 их наяд 133 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий нийтдээ 301 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх гэж байна. Харин нийслэлд 311 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжих бөгөөд эдгээр төсөл, хөтөлбөрийг хэлэлцүүлгийн үеэр зарлалаа.
Монгол Улс 73016 аж ахуйн нэгжтэй. Эдгээрийн 13628 нь 2013 онд төсвөөс зарласан 3407 удаагийн тендерт оролцсон. 10-аас дээш тендерт оролцсон компани хоёр, 5 ба 10 хүртлэх тендерт оролцсон 10, 3 ба 5 тендерт оролцсон 6 аж ахуйн нэгж байна гэсэн баримтыг Ерөнхий сайд хэллээ.
Замын ажил авсан зарим компани ажлаа бүрэн гүйцэтгэж чадаагүй нь давхар тендер авч, замын ажлаа дутуу орхисонтой холбоотой.
Замын ажил авсан зарим компани ажлаа бүрэн гүйцэтгэж чадаагүй нь давхар тендер авч, замын ажлаа дутуу орхисонтой холбоотой. Тиймээс ийм асуудалд анхаарах хэрэгтэй. Тендерт оролцсон компаниуд хариуцлагатай байж, алдаа дутагдал гаргахгүй, ажлаа хугацаанд нь чанартай гүйцэтгэх учиртайг Ерөнхий сайд зөвлөж байлаа.
Сургууль, цэцэрлэг, эмнэлгийнхээ барилгын тендерийг орон нутаг өөрсдөө зарлаж, эзэн нь болж хяналтаа тавьдаг зарчим руу орж байна, яамдаас тендер зарладгийг багасгаж байгаа. Яамд тендер зарлахгүй бодлогын ажлуудаа хийх учиртай гэж Ерөнхий сайд хэллээ.
Хэлэлцүүлгийн үеэр төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын худалдан авах ажиллагааг мөн ингэж нээлттэй болгож өгөхийг хэлэлцүүлэгт оролцогчид санал болгож байсан бөгөөд Төрийн өмчийн хорооноос ийм уулзалт зохион байгуулж, тендерийн ажиллагааг нь нээлттэй болгохыг Ерөнхий сайд үүрэг болголоо.