Худалдан Авах Ажиллагааны Байгууллагууд “Ил тод худалдан авах ажиллагаа” сэдвээр ярилцлага хийлээ
АТГ-аас Шударга нийгмийн төлөө хамтдаа уриатай “Ил тод худалдан авах ажиллагаа” сэдэвт дугуй ширээний ярилцлагыг зохион байгууллаа.
Уг ярилцлагад Засгийн газрын Худалдан авах ажиллагааны агентлаг, Дүүргүүдийн худалдан авах ажиллагааны албад, Аймгуудийн Худалдан авах ажиллагааны албад мөн Мерси кор олон улсын байгууллагын төлөөлөл 50 гаруй хүн оролцлоо.
Энэ үеэр худалдан авах ажиллагааны шилдэг туршлагаасаа хуваалцаж, Нийслэлийн Худалдан Авах Ажиллагааны газрын дарга Ю.Идэрцогт илтгэл тавив. Тус байгууллага худалдан авах ажиллагааны бүтэц, зохион байгуулалт, сонгон шалгаруулалт явуулж ажилбарыг бүхэлд нь системчилсэн цахим бүртгэлд шилжүүлэх зорилго тавьж, дэвшил гарган ажиллаж буй нь оролцогчдын анхаарлыг татсан онцлог мэдээлэл боллоо.
Тухайлбал, Тендерийн баримт бичгийн битүүмжлэлийн лац бий болгон ашиглаж буй, автоматаар дуу дүрсний бичлэг хийн архивлахаар тусгайлан тоноглосон Үнэлгээний хорооны хуралдааны танхимыг бий болгосон, аж ахуйн нэгжүүдэд зориулж тендерийн өмнөх уулзалтыг хийж хэвшүүлсэн, газрын даргын дэргэд Олон нийтийн зөвлөл болон Хяналт шалгалтын байнгын комисс тогтмол ажиллаж буй зэрэг нь ил тод байдлыг хангахад чиглэсэн ажлын томоохон үр дүн юм хэмээн АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Б.Бат-Отгон өндрөөр үнэлж буйгаа илэрхийлсэн юм.