Багануурт  “Иргэний танхим” байгуулагдлаа
2011.09.20

Багануурт “Иргэний танхим” байгуулагдлаа

Монгол  Улсын  иргэд  төрийн аливаа шийдвэр, хууль тогтоомжид нөлөөлөх, тэдгээрт эрх ашгаа тусгах, оролцоогоо нэмэгдүүлэх боломжийг нээж өгөх зорилготой "Иргэний танхим"-ыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анх санаачилсан билээ. Энэхүү санаачилгыг дэмжиж, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд Багануур дүүрэгт "Иргэний танхим" байгуулснаа хүлээлгэн өглөө.

Иргэдийн үзэл бодлоо төрд илэрхийлэх эрх чөлөөг олгох, ингэснээрээ ардчиллыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болох "Иргэний танхим"-ын туузыг хайчлах үеэрээ Л .Болд "Монголчууд бид сүүлийн 20 жил үсрэнгүй өөрчлөлтийг бий болгож байгаа. Нам төртэй нийгмээс төр төвтэй нийгэм байгуулах том хувьсгалыг бид хийсэн. Иргэдийн эрх ашиг, хүсэл сонирхол төрийн бүх шийдвэрт нөлөөлдөг, тусдаг байх шаардлагатай. Төрийн шийдвэр гаргах бүтэц гурван баганатай байх ёстой. Гурав дахь багана нь энэхүү иргэний танхим юм" гэв. Иргэд энэ танхимаар дамжуулан асуудлаа шийдвэрлүүлж, мөн хүссэн мэдээллээ эндээс авч болно. Шаардлагатай бол Ерөнхийлөгчийг ч энэ танхимд урих боломжтой. Засгийн газрын төвшинд ч "Иргэний танхим" иргэнээ сонсох, үйл ажиллагаа, мэдээллээ хүргэх томоохон тогтолцоо болж буйг Л.Болд онцолсон юм.


Мөн Л.Болд сайдын дэмжлэгээр Хан-Уул дүүргийн 41 дүгээр дунд сургууль дэргэдээ хөлбөмбөгийн шинэ талбайтай болжээ. Олон улсын стандартад нийцсэн, Азийн С зэрэглэлийн энэхүү хөлбөмбөгийн талбай 45x75 ам метр талбай-тай, 32 үзэгчийн суудалтай, мөн жилийн дөрвөн улиралд ногоон зүлэгтэй. Хамгийн гол нь тус сургуулийн хөлбөмбөгт дуртай, авьяастай хүүхдүүд байнгын бэлтгэл, тэмцээн явуулах шинэ талбартай болж буй юм. Тус сургуулийн дэргэдэх хөлбөмбөгийн "Шинэ Яар-маг" клубын тамирчид улсын чанартай тэмцээнүүдэд тогтмол дээгүүр байрт шалгарч ирсэн уламжлалтай. Мөн Нисэх дэх "Буянт-Ухаа" цогцолбор сургуулийн мэдээлэл зүйн лабораторийн нээлтэд Л.Болд оролцсон байна. Хан-Уул дүүрэг ерөнхий боловсролын 15 сургуультай бөгөөд Л.Болдын санаачилга, дэмжлэгээр бүх сургууль дэргэдээ мэдээлэл зүйн лаборатори, багш хүүхдийн хөгжлийн төвтэй болжээ.Түүнчлэн энэ хичээлийн жилд нээлтээ хийгээд байгаа 118 дугаар дунд сургуулийн хичээлийн байртай УИХ-ын гишүүн Л.Болд мөн танилцлаа. Тус сургуулийн хичээлийн байрыг Япон улсын "Жайка" олон улсын байгууллагын бага, дунд боловсролыг сайжруулах төслийн тусламж 4.5 тэрбум ам.долларын санхүүжилтээр барьжээ. Хичээлийн 16 танхимд 30 гаруй багш, 800-гаад хүүхэд хичээллэх тус байр нь орчин үеийн загвар шийдлээр баригдсан байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.