Д.Очирбат: Малд зориулж болоод байгаа юм чинь эх хүнд яагаад өгч болохгүй гэж
2011.09.11

Д.Очирбат: Малд зориулж болоод байгаа юм чинь эх хүнд яагаад өгч болохгүй гэж

" УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Очирбаттай ярилцлаа.
-Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд сар бүр урамшуулал олгох тухай хуулийн төсөл та бүхэн өргөн барьсан. Хэлэлцүүлэг ямар шатандаа явна вэ?
-Бидний өргөн барьсан хуулийн төслийг эх оронч хууль гэж ойлгож болно. 2.8 сая хүн ам гэдэг Монгол Улсын хувьд өчүүхэн бага тоо. Гэтэл Хятадын зөвхөн Эрээн хот гэхэд зургаа, долоон сая хүн амтай байна. Дээрээс хөдөлмөрийн ажиллах хүч, боловсон хүчний бодлого, хүн ам зүйн бодлого зэргийг хүн амтайгаа харьцуулаад ирэхээр Монголын 2.8 сая хүн маш бага юм. Манай улсын хувьд олон хүүхэд төрүүлчихсэн эхчүүд байдаг. Тэднийхээ урамшууллыг нь нийгмийн бодлогын зүгээс байнга авч хэрэгжүүлж байгаагүй.
Хуулийн гол зорилго бол Монголын үрс маш олон болтугай л гэж байгаа юм.
Өмнө нь эх, хүүхэд, гэр бүлийг дэмжсэн мөнгөн амлалтыг хассанаар 100 эхэд ногдох төрөлт эрс багассан байгаа юм. Түүнээс өмнө өөрөөр хэлбэл 2008 оноос өмнө нэг хүүхдэд гурав, арван мянга гэх мэт урамшууллыг олгож байснаараа зуун эхэд ноогдох төрөлт ихэссэн юм билээ. Уг нь бол бид хүүхэд төрөх болон эхийн нийгмийн хамгааллын асуудлаа хамгийн түрүүнд авч явах ёстой. Хуулийн төсөл өргөн бариад хоёр гурван сарын хугацаанд анхны хэлэлцүүлгийг хийгээд явж байна.
- Хүний хөгжил сангаас иргэдэд сар бүр 21 мянган төгрөг олгож байна. Ер нь төрөөс иргэд рүү хандсан хавтгайрсан халамж ихдэх тийшээ хандаад байгаа юм биш үү?
-Тиймээ бид маш их эсэргүүцэлтэй тулгарч байгаа. Гурваас дээш хүүхэд төрүүлсэн эхэд одонгийн мөнгөнөөс гадна дахин тэтгэмж өгөх нь, бэлэн мөнгө тараалаа, эсвэл сонгууль дөхөхөөр ийм хууль гаргаж ирэх гэж байна гээд олон асуудал үүсэж байна. Гэхдээ энэ бол ямар нэгэн сонгууль болон төсөвт хүндрэл учруулсан хавтгайруулсан халамжтай холбогдолгүй асуудал юм. Энэ хуулийг зайлшгүй батлах шаардлага манай улсад үүсээд байна. Өнөөдөр эхийн хөдөлмөрийг үнэлдэг үнэлэмж ерөөсөө байхгүй болчихсон. Жендерийн асуудал, эмэгтэй хүний төрийн оролцоо, хүйсийн тэгш харилцааны талаар яриад байдаг. Гэтэл эмэгтэй хүнд хэнтэй ч юугаар ч хуваашгүй хамгийн сайхан гавьяа хүүхэд тээж төрүүлэх. Тэгсэн мөртлөө эхийн үнэлэмжийг ерөөсөө бодож байгаагүй. Яах вэ ардын сайхан домогт шүүдрийн усыг цуглуулж цай чанаж өгвөл эхийнхээ ачийг хариулсанд тооцно гэдэг юм билээ. Гэхдээ тэр дуслыг цуглуулж цай чанана гэдэг өдий.
-Гадны улс оронд эхчүүдийг хэрхэн дэмждэг юм бэ. Заавал ингэж бэлэн мөнгө олгох хэрэг байгаа юм уу?
-Эхчүүдийг хамгаалах Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 103 дугаар конвенци гэж бий. Уг конвенциор жирэмсэн болон хүүхэд төрүүлсэн эхэд мөнгөн, эрүүл мэндийн, тэтгэлгийн хэмжээг Үндсэн хуулиар зохицуулсан .олон баримт байдаг. Австри улс гэхэд 35 наснаас доош залуучуудыг цагаачлалаар орж ирэхэд нь шууд авдаг байх жишээтэй. Тэгэхээр эхчүүдийг дэмжиж байгаа энэ хуулийн төслийг хавтгайруулсан халамж гэж ойлгох хэрэггүй.
-Хэдэн хүүхэдтэй эх ямар урамшуулал авах талаар хэрхэн зааж өгсөн бэ?
-Гурав дахь хүүхдээ төрүүлсэн эхэд хөдөлмөрийн хөлсний 50 хувьтай тэнцэх буюу 70.200 төгрөг, дөрөв дэх хүүхдээ төрүүлбэл 105.400, тав дахь хүүхдээ төрүүлбэл 140.400, зургаа дахь хүүхдээ төрүүлбэл 175.500, долоо дахь хүүхдээ төрүүлбэл 210.600, найм ба түүнээс дээш хүүхэд төрүүлбэл 280.800 төгрөгийн урамшуулал авах юм. Энэ тооцоог хийхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй харьцуулж хийж байгаа. Магадгүй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 200 мянга боллоо гэхэд үүнийгээ дагаад урамшуулал нь өснө гэсэн үг.
-Эхэд өгөх урамшуулал төсөвт ямар нэгэн хүндрэл учруулахгүй юу. Төсөвт тусгасан зарим мөнгөний санхүүгийн эх үүсвэр нь одоо хүртэл тодорхойгүй байсаар байна?
-Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Үндэсний статистикийн хорооны 2010 оны тооллогоор 0-16 насны гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрхийн тоо 24.146 байдаг. Бидний хийсэн судалгаагаар дээрх мөнгөн урамшууллыг өгье гэвэл сардаа хоёр тэрбум 842 сая төгрөг болно. Жилд 30 тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм. Энэ мөнгө тийм их тоо биш. Уул уурхай, эдийн засгийн өсөлттэй харьцуулахад жилдээ 30 тэрбум төгрөгийг эхэд зарцуулахад төсөвт хүндрэл учруулахгүй. Монгол мал хөтөлбөрт 50, 60 тэрбум төгрөг, хөдөлмөр эрхлэлт, ноос, ноолуурын салбарыг дэмжих 300, 150 тэрбумыг зарцуулж байна. Харин эхийн хөдөлмөрийг үнэлэхэд яагаад 30 тэрбум төгрөг зарцуулж болохгүй гэж. Малд зориулж болоод байгаа юм чинь эх хүнд яагаад өгч болохгүй гэж.
-Гурван хүүхэдтэй эх бүр л урамшуулал авах юм уу. Эсвэл нас заасан юм уу?

-Хуулийн төсөлд хүүхэд 16 наснаас дээш бол уг урамшуулалд хамаарахгүй. Жишээлбэл гурван хүүхэдтэй айл том хүү нь 16 хүрсэн бол урамшуулал авахгүй гэсэн үг.

-"Хүний хөгжил сан"-ийн мөнгөө сургалтын төлбөр, орон сууцанд зарцуулахгүй иргэд бэлэн бусаар хэрхэн олгох талаар Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо ямар санал оруулж байна вэ?
-Манай байнгын хороо тэтгэвэр, эрүүл  мэндийн  даатгалдаа хийж болно. Харин дунджаар 65-аас дээш насны иргэд бэлнээр авах талаар хуулийн төсөл санаачилж байгаа юм.
-Засгийн газрыг огцруулах тухай нэр бүхий гишүүд гарын үсэг цуглуулж байгаа гэсэн. Сонгууль болоход жил ч хүрэхгүй хугацаа болсон байхад Засгийн газрыг огцруулна гэдэг нь цаг хугацааны хувьд хэр тохиромжтой юм бол?
-УИХ-ын нэр бүхий  гишүүдээс  газрын  хэвлий доорх баялгийг ашиглаж байгаа талаар зарим гэрээнд нэмж тусгах үйл ажиллагааг нь эргэн харах талаар шаардлага хүргүүлж байгаа юм билээ. Монгол ажилчдын тоог 60-аас дээш хувьтай байхаар гэрээнд тусгаж өгсөн. Гэтэл чадахгүй байна. Монгол ажилчдыг ажиллуулж байгаа нэрээр нүглийн нүдийг гурилаар хуурч байгаа ажил байгаа. Энэ тухай НХХЯ-нд үүрэг өгөхөөр баталгааны хуулгыг нь гаргаж ирэхгүй байгаа юм. Хүлээсэн үүргийг нь биелүүлдэг болгоё гэж ярьж байгаа юм.
-Үүнээс гадна ЭБЭХ-ний сайдыг огцруулах талаар яригдаж байгаа гэж сонссон. Энэ талаар таны байр суурийг сонсъё?
-Д.Зоригтыг заавал огцруулах шаардлага байгаа эсэхийг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан уул уурхайн стратегийн ордууд эргэлтэд орж байгаа энэ үед хяналт тавьж байгаа байх гэж бодож байна. УИХ-ын гишүүдийн тавьсан асуултад үнэн зөв мэдээллийг цаг тухайд нь мэдээлж байх ёстой. Хаврын чуулган эхлэхээр НХХЯ-наас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар асуулга асууна.