Рашааны эх, ундарга орчимд хууль бусаар өрөмдлөг хийж байгаа үйлдлийг зогсоолоо
“Батсүмбэрээ аваръя! Хөдөлгөөн”
Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Түшээ гүн хэмээх газар орших Сахарын рашааныг хууль бусаар савлан худалдаалах оролдлого хийх гэж байсныг илрүүлэн таслан зогсоолоо.
Энэхүү сахарын рашаан Монголдоо хоёрхон байдаг бөгөөд далайн түвшнээс дээш 1350 метрт өргөгдсөн, ой, тайгын бүсэд, Улаанбаатар хотоос хойшоо 75 километрт оршино. Сахарын рашаан нь хүний ходоод, гэдэс, чихрийн шижин өвчнийг анагаахад эртнээс хэрэглэж иржээ. Энэ газарт зундаа дунджаар 600-700 иргэн рашаан уухаар манай орны өнцөг булан бүрээс ирдэг байна.
Гэтэл энэ оны 10-р сард УБ хотын Баянгол дүүргийн харъяат иргэн Батжаргал овогтой Ганболд гэгч Сахарын рашааны хажууд өрөмдлөг хийж рашааны усыг худалдаалах хүсэлтийг тус сумын Засаг дарга Д.Ганбаярт хүргүүлжээ.
Засаг дарга Д.Ганбаяр холбогдох хууль тогтоомжуудыг зөрчин албан тушаалаа урвуулан ашиглаж хууль бус шийдвэр гаргаж Сахарын рашааны ундарга орчимд өрөмдлөг хийх эрхийг олгосон байна. Ингээд иргэн Б.Ганболд дээрх хууль бус шийдвэрийг үндэслэн ашиглалтын нэг худаг гаргаад дахин өөр худаг гаргахаар өрөмдөж байхад нь Гринпис Монгол ТББ-аас үйл ажиллагааг нь зогсоолоо.
Иргэн н.Ганболд дээрх Сахарын рашааныг савлан худалдаалж ашиг олох зорилгоор судалгаа шинжилгээний зорилгоор гэх нэрийдлээр үйл ажиллагаа явуулж байсан байна.
Сахарын рашаан
Ер нь Батсүмбэр сумын Засаг дарга Д.Ганбаяр хуулийг гууль болгон ашиглагч нэгэн юм байна. Зарим жишээг дурдвал, 2010 оны 9-р сард 3-р багийн нутаг Нууртын эх гэдэг газарт ойн түймэр тавьж сумандаа 33 тэрбум төгрөгийн хохирлыг учруулсан байдаг. Тэрээр УИХ-ын гишүүн Нямаагийн Энхболд нарын хамт гахай агнах гэж яваад галт сумаар буудсаны улмаас гал алдаж ойн түймэр тавьсныг нутгийн иргэд хэлэхийн зэрэгцээ тухайн үедээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарч байсан юм.
Мөн онд Засаг дарга Д.Ганбаяр Сахарын рашааны эхэн дээрээс 6 метрийн урттай 930 ширхэг нойтон модыг огтолж байсныг тухайн үед хууль хяналтынхан шалгасан ч тэрээр хэргээс эвтэйхэн мултарч дөнгөсөн байдаг.
Одоо дээрх бэлтгэсэн модны зарим хэсэг Сахарын рашаанаас дээш 300 орчим метр орчим газарт хураалттай байгаа юм. Д.Ганбаяр гэх энэ эрхэм энэ мэтчилэн байгаль орчинд их хэмжээний хохирлыг үзүүлээд байхад ямар ч хариуцлага хүлээдэггүй бол тус сумын жирийн нэгэн иргэн хашаа хороогоо сэлбэхээр бага хэмжээний мод бэлтгэснийхээ төлөө шоронгийн хаалга татдаг дүр зураг цөөнгүй байгаа юм.
Дашрамд мэдээлэхэд Батсүмбэр сумын Засаг дарга Д.Ганбаяр нутгийн иргэддээ “Надад хууль үйлчилдэггүй” хэмээн том ам гардгийг нутгийн иргэд нь учирлаж байна.