Нутгийн удирдлагын байгууллагын төлөөлөгчид тулгамдсан асуудлаа хэлэлцэж байна
“Иргэддээ тулгуурласан, чадвартай, хариуцлагатай иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг төлөвшүүлэх арга зам” сэдэвт зөвлөгөөн эхэллээ.
2013.10.30

Нутгийн удирдлагын байгууллагын төлөөлөгчид тулгамдсан асуудлаа хэлэлцэж байна

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Нутгийн удирдлагын дэд хороо, Монголын нутгийн удирдлагын холбоо хамтран Конрад-Аденауэрийн сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй “Иргэддээ тулгуурласан, чадвартай, хариуцлагатай иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг төлөвшүүлэх арга зам” сэдэвт зөвлөгөөн өнөө өглөө Төрийн ордны Их танхимд эхэллээ.

Зөвлөгөөнийг УИХ-ын гишүүн, Монголын нутгийн удирдлагын холбооны тэргүүн Су.Батболд нээж хэлсэн үгэндээ энэхүү зөвлөгөөн нь орон нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөгч, сонгуульд ажилтнуудын арга туршлагыг харилцах солилцох, нутгийн удирдлагын байгууллагын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чиглэгдэж байгааг онцлов.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей зөвлөгөөний нээлтэд оролцож хэлсэн үгэндээ УИХ, Засгийн газраас нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэхэд анхаарч дэс дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлж ирснийг дурдаад үүний нэг илрэл нь энэхүү зөвлөгөөн болохыг онцлов.

Өнгөрсөн онд явагдсан орон нутгийн хурлын сонгуулиар байгуулагдсан бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн 80 шахам хувь анх удаа сонгогдсон байна. Иймээс тэднийг чадавхижуулах үүднээс УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Тамгын газар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төсөл хэрэгжүүлж эхлээд байгаа.

Энэхүү төслийн хүрээнд саяхан бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийт төлөөлөгчдөд зориулсан үндэсний хэмжээний сургалтын сургагч багш нарыг бэлтгэх тав хоногийн сургалт зохион байгууллаа. Шинээр бэлтгэгдсэн эдгээр сургагч багш нар нь аймгийнхаа нийт сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн сургалтыг энэ оны арваннэгдүгээр сард болон 2014 оны нэг, гуравдугаар сард үе шаттайгаар зохион байгуулах юм гэлээ. 

Бүх шатны ИТХ-ын төлөөлөгчдөд зориулсан үндэсний хэмжээний сургалтын сургагч багш нарыг бэлтгэх тав хоногийн сургалт зохион байгууллаа.

Мөн тус байнгын хороо Төв, Хэнтий, Ховд аймаг блон нийслэлийн зарим дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаатай танилцаж, гаргасан саналыг хууль тогтоомжид тусгах, нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн үндсийг боловсронгуй болгоход анхаарч ажиллаж байна.

Энэ үүднээс байнгын хорооноос саяхан тогтоол гаргаж, нутгийн удирдлагын байгууллагын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр Засгийн газарт зарим даалгавар чиглэл өгөөд байна гэдгээ зөвлөгөөнд оролцогчдод дуулгалаа.

Дараа нь УИХ-ын гишүүн, Нутгийн удирдлагын дэд хорооны дарга Д.Батцогт “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь” сэдвээр итгэл тавилаа. Мөн удирдахуйн ухааны доктор С.Нармандах “Нутгийн өөрөө удирдах байгууллагын шинэчлэлийг гүнзгийрүүлж чадваржуулах нь”,

УИХ-ын Тамгын газрын зөвлөх О.Тунгалаг “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дотоод зохион байгуулалтын асуудлыг чанаржуулах нь” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэх юм байна. Зөвлөгөөн үдээс хойш 17 цаг хүртэл үргэлжилнэ.