Франц улстай хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрыг тус улсын Хөдөө аж ахуй, хүнс, ойн сайд ноён Гийом Гаро төлөөлөн оролцох үедээ Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгатай уулзаж сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй хоёр орны хоорондын "Хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны цаашдын чиглэлээ тодорхойлсон баримт бичиг байгуулахаар тохиролцсон билээ.
Үүний дагуу Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Бүгд Найрамдах Франц Улсын Хөдөө аж ахуй, хүнс, ойн яам хооронд Хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааны тухай долоон заалт бүхий Харилцан ойлголцлын санамж бичиг" байгуулахаар ажлын шугамаар тохиролцоод байна. Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад хэргийн сайд Лоран Фабиусын энэ сарын 25-26-нд Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Франц Улсын Хөдөө аж ахуй, хүнс, ойн яамыг төлөөлөн Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Ив Дэлүнэ нар дээрх Санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичиг байгуулснаар Монгол Улсын сүү, махны хангамжийн тогтолцоог сайжруулах үүднээс Франц Улсаас импортоор оруулж ирсэн мах, сүүний чиглэлийн үржпийн үхэр, ямааг Монголын цаг уурын нөхцөлд дасан зохицоход техник арга зүйн туслалцаа үзүүлэх, сургалт зохион байгуулах аж. Мөн Хөдөө аж ахуйн их сургууль болон монголын хөдөө аж ахуйн сургалтын байгууллагуудтай Францын ижил төрлийн үйл ажиллагаатай байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг дэмжйх чиглэлээр хамтран ажиллах болно.
Түүнчлэн Монгол, Францын мэргэжлийн байгууллагуудын хооронд техник, технологи, арилжаа, санхүүгийн түншлэлийг дэмжиж Монгол Улс, Франц Улсын хооронд урт хугацааны, стратегийн, тогтвортой, харилцан ашигтай бизнес түншлэлийн суурь бий болгох'юм.