С.Бямбацогт: Шаардлагатай үед нь Н.Номтойбаярыг хамгаална, хаацайлна
УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардын намын бүлгийн дэд дарга С.Бямбацогт
2013.10.15

С.Бямбацогт: Шаардлагатай үед нь Н.Номтойбаярыг хамгаална, хаацайлна

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардын намын бүлгийн дэд дарга С.Бямбацогтыг “Ярилцах танхим”-даа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-2014 оны улсын төс­вийн төсөл хэлэлцэж бай­гаа энэ үед Сангийн сайд эзгүй байна. Ер нь Төсвийн төслийг УИХ-д өргөн барьсан цагаас эхлээд л хараг­даагүй гэхэд болно. УИХ дахь Ардын намын бүл­гийнхэн үүнийг хэрхэн хүлээж авч байгаа вэ?

-УИХ-ын тухай хууль болон УИХ-ын чуулганы хурал­дааны Дэгийн тухай хуульд тухайн жилийн төсвийг хэлэлцэхэд Ерөнхий сайд танхимынхаа сайд нарын хамт байлцах ёстой гэсэн байдаг. Танхимын сайд нарынх нь дундаас хамгийн чухал үүргийг Сангийн сайд хүлээх учиртай. Гэтэл өнөөдөр дээрх хуулиудыг зөрчөөд л 2014 оны улсын төсвийн төслийг хэлэлцээд явж байна.

-Өмнө нь ийм тохиолдол парламентын түүхэнд гарч байсан уу?

-Төсөв хэлэлцэх үеэр Сангийн сайд байхгүй байсан өөр тохиолдлыг би санахгүй байна. Энэ удаа яах аргагүй олонхи хууль зөрчин байж Төсвийн төслийг хэлэлцэж байгаа.

-Танай намын бүлгийн­хэн “Ирэх оны төсвийн төсөлд хууль зөрчсөн хэд, хэдэн асуудал байна” гээд байгаа үүнийг тодруулж өгнө үү?

-Ирэх жилийн төсвийн төс­лийг боловсруулахдаа төс­вийн хүрээний мэдэгдэл болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хол­бог­дох заалтуудыг зөрчсөн гэж манай намын бүлгийнхэн үзэж байгаа юм. Тодруулбал, төс­вийн хүрээний мэдэгдлийн дагуу Монгол Улсын нийгэм, эдийн засгийн санхүүгийн бай­далтай холбоотой тодор­хой үзүүлэлтүүдийг гар­гаагүй зөрчсөн. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан Монгол Улсын өрийн хэмжээ дотоодын нийт бүтээг­дэхүүний 40 хувиас хэт­рэхгүй байна гэснийг зөрсөн. Ирэх жилийн улсын төсвийн төсөлд  40 хувийг 50-60 хувь болгох замаар Монгол Улсын өрийн хэмжээг нэмэгдүүлэх эрсдэлтэй байдал бий бол­гохоор тусгасан бай­гаа юм. Байгаа нөөц бололцоондоо тул­гуурлаж, хөнжлийнхөө хэрээр хөлөө жийхийн оронд гаднаас зээл авах замаар зардлаа санхүүжүүлэх гэсэн Төсвийн төсөл оруулж ирж байгаа нь үнэхээр харамсалтай байна.

-Хэд, хэдэн хууль зөрчин байж ирэх оны төсвийн төслийг хэлэл­цэж байгаа юм бол танай намын бүл­гийнхэн завсарлага авч асууд­лыг шийдэж болдоггүй юм уу?

-Бид асуудлыг хойшлуулах саналыг тавьсан боловч УИХ-ын чуулганы хуралдааныг олонхиороо хүч түрээд л хийж байна шүү дээ.

Манай намын бүлгийн гишүүдээс нэг хүн нэг байнгын хороонд харьяалагдаж байгаа болохоор асуудал шийдэхэд цөөдөж таараад байгаа юм.

Тэр ч бүү хэл олонхиороо түрээ барьж, УИХ-ын чуулганы хуралдааныг пүрэв, баасан гарагт хуралдуулна гэсэн хуулийн заалтыг үл хайхарч маргааш /өнөөдөр/ УИХ-ын чуулганы хуралдааныг зарлаж хуралдуулах гэж байна шүү дээ. Ийм байдлаар олонхи маань хүч түрэн олонхийн дарангуйлал бий болгож, цөөнхдөө хүндэтгэлгүй хандсан байдлаар асуудалд хандаад байхаар төсөв асуудалтай батлагдаж байна. Өнгөрсөн жилийн төсвийг батлах үед ч гэсэн олонхи ийм л байдлаар асуудалд хандсанаас болоод өнөөдөр нийгэм, эдийн засгийн байдал ямар байгааг та бүхэн харж байгаа байх. Үүнийг л бид засмаар байгаа юм.

-УИХ дахь Ардчилсан намын­хан “Сөрөг хүчнийхэн асуудлыг улстөржүүлж, хийж байгаа ажлыг хойш нь чангааж байна” гэсэн тайлбарыг хийж байгаа шүү дээ?

-Бид алдаатай, буруу бодлогуудыг засаж, залруулах шаардлагыг л тавьж байгаа юм. Түүнээс биш бид хийж байгаа ажлаа хойш нь татаж, чангаах гээд байсан бодол байхгүй. Өнгөрсөн түүхэнд ч гэсэн  бид ямагт эв эеийг эрхэмлэж, үндэсний зөвшилцлийн хүрээнд асуудлыг шийдэж ирсэн. Хамтарсан Засгийн газрыг санаачлан байгуулсан ч гурван жил хамтарчихаад сонгууль дөхөөд ирэхээр гэнэтхэн хаяад зугатсан нь хэн билээ гэдгийг ард түмэн мартаагүй байх. Ер нь улс төрийн намууд хоорондоо хагарч хуваагдахгүй ард түмнээ хооронд нь талцуулахгүйгээр улс орныхоо нийгэм, эдийн засгийн байдлыг хөгжүүлэхийн төлөө ойлголцоод зохицоод л ажиллах хэрэгтэй.

-Танай намын их хурал удахгүй болох гэж байна. Үүнийг угтаад маш олон таамаглал, хардлага гарч байгаа. Тухайлбал, танай намын залуус “намын Удирдах зөвлөлийнхөн их хурал болохоос өмнө дүрэм бусаар Бага хурлаа хуралдуулж, хуучин бүрэлдэхүүнээсээ Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох гэж байна” гэсэн хардлагыг гаргасан байна билээ. Та Ардын намын Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ дахь намын бүлгийн дэд даргын хувьд энэ хардлагад тодорхой хариут өгнө үү?

-Тэр хардлага бол худлаа зүйл л гэж хэлмээр байна. Намынхаа дүрмийг уншаагүй, мэдлэггүй хүмүүсийн гаргаж байгаа яриа л байх. Намын их болон Бага хурал намын дүрмийн дагуу болдгоороо л болно.

-Ардын намын их хурлын төлөөлөгчөөр сонгогдохын тулд танай намын гишүүдийн дунд нэлээд ширүүхэн өрсөлдөөн болсон гэж сонссон юм байна. Танд тэр талаар ямар нэгэн мэдээлэл байна уу?

Намын их хурлын төлөөлөгчөөр сонгогдохын тулд ийм ширүүн өрсөлдөөн бий болсон гэж бодохоор манай намын нэр хүнд гишүүдийнхээ дунд унаагүйтэй холбоотой.

-Намын их хурлын төлөөлөг­чөөр сонгогдохын тулд намын анхан шатны үүр болгон дээр хамгийн багадаа гурав, дээд тал нь 15 хүн өрсөлдсөн юм билээ. Намын их хурлын төлөөлөгчөөр сонгогдохын тулд ийм ширүүн өрсөлдөөн бий болсон гэж бодохоор манай намын нэр хүнд гишүүдийнхээ дунд унаагүйтэй холбоотой. Монгол Улсын хөгжил дэвшилд манай намын оруулсан хувь нэмэр хэм­жээлшгүй их. Нөгөөтэйгүүр, эрх баригчдын өнөөдөр явуулж буй үйл ажиллагаа ард түмэнд таалагдахгүй, сэтгэлд нь нийцэхгүй байна. Тиймээс Ардын намыг бараадаж, бодлого үйл ажиллагаанд нь гар бие оролцох нь зүйтэй гэж иргэд бодсон юм болов уу гэж бодож байгаа.

-Танай намын залуус Удирдах зөвлөлд орох хүсэлтэй хүмүүст тавих шаардлага гэж нэлээд зузаан бичиг баримт боловсруулсан байна билээ. Тухайлбал, хэн нэгэн даргыг дагаж гүйж байгаад хариуцлагатай албан тушаалд “гэрлийн хурд”-аар оччихдог бичигдээгүй хууль  танай намын залууст таалагдахгүй байгаа болол­той юм. Гэтэл танай намын удирдлагууд түүнийг нь хүлээж авахгүй байгаа гэсэн. Таны хувьд?

-Ер нь тоглоомын дүрэм тодорхой байх хэрэгтэй. Хэн их хөлс хөдөлмөр гаргаж, намынхаа төлөө цаг хугацаа, сэтгэл зүрхээ зориулж байгаа хүмүүст боломж нээлттэй байх ёстой гэдэг дүрмээр л Монгол Ардын намынхан тоглох ёстой. Өнөөдөр үүргээ биелүүлэхгүй байж эрхээ эдэлж, бялуунаас хүртэх гээд байдаг зарчимгүй үйлдлүүдийг хаах ёстой. Энэ үүднээс манай намын залуус асуудал дэвшүүлж байгаа бол би дэмжинэ. Харин үүргээ биелүүлэхгүй байж хэн нэгэн хүний далбаан дор асуудалд хандаж байгаа бол тавьж байгаа асуудлыг нь хүлээн зөвшөөрч чадахгүй.

-Танай намаас УИХ-д сон­гогдсон УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай холбоотой янз бүрийн мэдээлэл сүүлийн үед олны анхаарлын төвд ороод байна. Та энэ асуудалтай холбоотойгоор ямар байр суурь баримталж байгаа вэ?

Бүлгийн гишүүд, журмын нөхөд, ах нар минь тайван амгалан байгаарай. Надад итгээрэй” гэж хэлсэн. Тиймээс түүний хэлсэн үгэнд бид итгэж байгаа.

-УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Дорнод аймгаас УИХ-д сонгогдсон манай намын шинэ, залуу боловсон хүчний нэг. Өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Надад буруу байхгүй. Цаг хугацаа, хууль хяналтын байгууллага үнэнийг тогтоож өгнө. Тэр болтол бүлгийн гишүүд, журмын нөхөд, ах нар минь тайван амгалан байгаарай. Надад итгээрэй” гэж хэлсэн. Тиймээс түүний хэлсэн үгэнд бид итгэж байгаа. Н.Номтойбаярыг асууд­лаа хэрхэн шийдүүлэхийг харж бай­на. Шаардлагатай үед нь Н.Номтойбаярыг намын журмын нөхөр, УИХ-д хамт сууж байгаа гишүүний хувьд хамгаална, хаа­цайлна.

-Намын санхүүжилттэй хол­боотойгоор танай намд нэлээд асуудал үүссэн гэж сонссон. Ту­хайлбал, танай намыг сөрөг хүчин болсны дараа санхүүжүүлэгчид нь нүүрээ буруулснаас болоод намын санхүүжилтийг ил тод болгох ёстой гэдэг асуудал яригдаж эхэлсэн юм билээ. Гэсэн ч бас л удирдлагууд тань зөвшөөрөхгүй байгаа гэх юм?

-“Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэсэн үг байдаг даа. Манай намыг эрх мэдэлтэй байх үед манай намын удирдлагуудыг тойрч байгаад их олон хүн ажил төрлөө бүтээлгэж, амьдрал ахуй нь дээшилж явсан байх. Өнөөдөр нүүрээ буруулаад явсан хүмүүсийг бид харж л байна. Мэдэж л байгаа. Намын санхүүжилтийг ил тод байлгах тухай асуудал тоглоомын дүрэм тодорхой байх ёстой гэдэгтэй агаар нэг. “Маш олон хүн намд хандив өгч, дэмжлэг үзүүлсэн” гэж яриад байдаг боловч зарцуулагдсан байдлыг нь нэгтгэж дүгнээд үзвэл хоорондоо маш их зөрүүтэй гардаг нь нууц биш. Хандивласан гэж байгаа мөнгөн дүнг нь сонсвол маш том амжилт гарчихаар хэмжээний сонсогддог ч бодит байдал дээр тийм зүйл байхгүй байгаа нь шударга биш байна. Цугласан хандиваас хувьдаа зарцуулсан зэрэг асуудал мэр сэр сонсогдож байгаа. Тиймээс энэ асуудлыг ил тод болгох нь зүйтэй.

-Танай намын их хурлаар энэ бүх асуудлыг шийдэж чадах болов уу?

-Ардын намын ээлжит их хурлын төлөөлөгчөөр намынхаа төлөө сэтгэл зүрхээ зориулах, өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй хүмүүс орж ирж байгаа гэж бодож байна. Нам ялагдал хүлээгээд гудамжинд явж байгаа. Хэцүү байгаа нь үнэн. Тийм болохоор их хурлын төлөөлөгчид маань асуудалд нухацтайгаар хандаж, олон талаас нь шүүн тунгааж оролцох байх. Хэн нэгний өмнөөс үүрэг гүйцэтгэж, даалгавар биелүүлэх гэсэн хү-мүүсийн цугларал болохгүй байх гэж найдаж байгаа учир намын их хурал нэлээд халуун уур амьсгал дунд илэн далангүй, бодит байдлыг дэлгэсэн байдлаар өрнөх байх.

-Танай намын дарга солигдох нь тодорхой болчихсон. Намын даргын суудлын төлөө УИХ дахь Ардын намын дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн М.Энхболдтой өрсөлдөж байгаа гэдэг мэдээлэл гараад байгаа. Нууц биш бол та хэнийг нь дэмжиж байгаагаа хэлж өгнө үү?

-Түүнийг одоохондоо хэлэх боломжгүй байна. Тухайн үед л тодорхой болох байх.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.