Д.Оюунхорол:Орон тоог бус цалин, тэтгэвэр нэмэх нь зөв
УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол
2013.10.15

Д.Оюунхорол:Орон тоог бус цалин, тэтгэвэр нэмэх нь зөв

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхоролтой ярилцлаа. Тэрээр тус бүлгээс байгуулсан 2014 оны төсвийн тухай хуулийн төслийг судалж, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн ахлагч юм.

-Танай бүлэг ирэх оны төсвийг буцаах санал гаргасан нь ямар шалт­гаантай юм бэ. Үнэхээр муу боловсруулсан төсөл байв уу, эсвэл хууль зөрчсөн үү?

-Засгийн газраас өр­гөн мэдүүлсэн 2014 оны төсвийг УИХ дахь МАН-ын бүлэг  хэлэлцэж са­нал, дүгнэлт гаргасан. Мон­гол Улсын 2014 оны төсвийн төсөл нь ямар ч үндэслэлгүй, ба­тал­гаагүй тооцоо судал­гаанд үндэслэгдсэн, хариуц­лагагүй  төсөв орж  ирсэн учраас Засгийн газрыг хуулиа татан авахыг манай бүлгээс шаардсан боловч хүлээж авсангүй.

Монголбанк, Засгийн газраас хамтарч хэрэгжүүлсэн гурван их наяд төгрөгийн өртөгтэй үнэ тогтворжуулах хөтөлбөр нь үр дүнгээ өгсөнгүй. Үнэ нь тогтворжих ёстой орон сууцны үнэ нэг ам метр нь 1.2 сая төгрөг байсан бол хоёр сая  төгрөгт хүрч 60 хувиар нэмэгджээ. Иргэдийн өргөнөөр хэрэглэдэг “Атар” талх 630 төгрөг байсан бол 1000 төгрөг болж 63 хувиар өссөн байна.

Өдрөөс өдөрт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч, ард иргэдийн амьжиргааны төвшин доройтож, валютын ханш өсч, төгрөгийн худалдан авах чадвар суларч байхад цалин, тэтгэвэр тэтгэмж нэг ч төгрөгөөр нэмэгдсэнгүй.

2014 оны Төсвийн төсөл нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцээгүй, холбогдох хуулийн заалтуудыг ноцтойгоор зөрчсөн, улсын нийт өрийн өнөөгийн цэвэр үнэ цэнээр илэрхийлсэн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг  2014 оны төсвийн жилээс эхлэн 40 хувиас хэтрүүлэхгүй байхаар хуульчилсан байхад төсвийн энэ төсөлд өрийн эзлэх хувийг 40 биш 60 хувьд хүргэхээр хуульд өөрчлөлт оруулахаар тооцсон нь  Монгол Улс гадаад өрийн дарамтад улам гүнзгий орж байгааг баталж байна.

-Энэ оны төсөв, ирэх онд ч гэсэн төсвийн орлого буурах хандлагатай байгаа гэж мэдээлж буй. Тухайлбал, орж ирэх ёстой тодорхой хэмжээний мөнгө тасалдсан шүү дээ?

-Засгийн газар 2013 оны төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцүүлж батлуулаагүй  байж, 2014 оны  төсвөө хэлэлцүүлж байгаа нь агуулгын хувьд буруу юм. УИХ 2013 оны  төсвийн хэрэгжилтийг үнэлж дүгнэсний дараа дараагийн асуудлаа ярих зарчмаар хэлэлцэх ёстой л доо.

 -Ер нь эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан зардлаа танаж, төрийн байгууллагуудын урсгал зардлыг бууруулж байгаа гэсэн?

-Тэвчиж болох зардлуудыг аль болох нэмэгдүүлэхгүй танах зарчим баримтлах ёстой. Гэвч ирэх оны төсвийн төсөлд төсвийн байгууллагуудын орон тоо, урсгал зардлаа нэмж тооцсон байна. Ийм зардлуудыг нэмэхийн оронд цалин тэтгэвэр, тэтгэмжээ 30-аас доошгүй хувиар  нэмэгдүүлэх нь зүйтэй. 

Монгол Улсын 2014 оны төсвийн төсөлд төсвийн орлогыг бодитой бус, хэт өөдрөг байдлаар тооцжээ. Монгол Улсын нэгдсэн төсвөөс гадуур долоо орчим их наяд төгрөгийг хяналтгүйгээр зарцуулж байгаа нь  улсын төсвийн агуулга ач холбогдлыг алдагдуулж байна. 2014 оноос эхлэн санхүү төсвийн бүхий л үйл ажиллагааг зөвхөн УИХ-аас баталсан төсвийн хуулийн  хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатай.

Эмнэлгийн ажилчид цалин нэмэхийг шаардав

-Мөнгөний бодлого, энэ оны төсвийн тодотгол, ирэх оны төсөв гээд эдийн засгийн чухал баримт бичгүүдийг хэлэлцэж байна. Саяхан Хөрөнгө оруулалтын тухай хууль баталлаа. Энэ бүхний үр дүн хэзээ мэдрэгдэх бол?

- Засгийн газар эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөр, төлөвлөгөөгөө УИХ-аар батлуулах хэрэгтэй байсан.  Эдийн засагт өсөлт гарахгүй, хөрөнгө оруулалтын хэмжээ буурч, төгрөг, үндэсний валютын ханш суларч, төсвийн орлого хүндэрч байгаа нь эдийн засгийн  бодлогоо тодорхой болгож зангидаж  чадахгүй байгаагийн илэрхийлэл гэж үзэж байна.

Долларын ханш чангарч бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурсаар байхад бид өнөөдөр ямар ч арга хэмжээ авч чадахгүй харсаар л сууна шүү дээ. Ядаж цалин, тэтгэвэр маань нэг ч төгрөгөөр нэмэгдээгүй байхад цахилгаан, дулааны үнэ хүртэл нэмэгдсэн. Ард иргэд маань энэ сараас мөнгө төлөхөөр мэдэрч эхлэх байх.

МАН-ын бүлгээс эдгээр асуудалд анхаарлаа хандуулж,  ажлын хэсгүүд байгуулан гадаад зах зээлээс босгосон Засгийн газрын 1.5 тэрбум ам.долларын “Чингис” бондын мөнгөний  ашиглалт зарцуулалт, үр дүнгийн бодит тайланг УИХ-аар  хэлэлцэн ард түмэндээ ил тод тайлагнах  хэрэгтэй  байгаа юм.  Ерөнхий  сайд Японоос дахин 600 сая ам долларын бонд авахаар тохиролцож ирлээ.

Орон даяар өвөлжилтийн бэлтгэл ажил эхэллээ, гэтэл хөрөнгө оруулалт багасаж байхад дахин ийм их хэмжээний зээл авч хүү  төлөх нь  бас л  цаг хугацааны хувьд  буруу шийдвэр болж байна. Асуудалд тооцоо судалгаатай, бодитой  хандаасай даа. Мөн үнэ тогтворжуулах хөтөлбөрийн нэрээр гаргасан хөрөнгийн ашиглалт, зарцуулалт  явц, үр дүнг ч хянаж үзэх ёстой болж байна. УИХ эдгээр асуудлуудад хатуу  хяналт тавьж, эдийн засгийн бодлогоо зангидаж чадахгүй алдаа гаргаж байгаа Засгийн газраас хариуцлага нэхэх цаг нь болсон.

-Ганцхан Монголд хямрал мэдрэгдээгүй юм шиг. Хөрөнгө оруулагчид яагаад Монголыг сонирхохоо болив. Энэ талаар та юу гэж бодож байна вэ?

-Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын хэмжээ энэ онд 42 хувиар буурсан гэсэн үзүүлэлт гарсан байна. Гадны хөрөнгө оруулагчид Монголыг сонирхож байсан цаг үе саяхан. Гэтэл гадны хөрөнгө оруулагчид төрийн бодлогын алдаанаас болж итгэл нь буурч хөрөнгө оруулалт Монголоос зугатаж байгааг хараад суух эрх бидэнд байхгүй. Тийм учраас хөрөнгө оруулалтыг тогтвортой байдлаар татах хууль эрх зүйн зохицуулалтыг илүү сайжруулан худалдаа хөрөнгө оруулалтыг хөнгөвчилсөн хууль гаргах шаардлагатай.

Гэхдээ ийм хууль гаргаснаар  жижиг, дунд  аж ахуйн нэгжүүд татвар төлөгчдийг дэмжихгүй, илүү татварын  дарамт бий болгох  сөрөг үр дагавар гаргаж болохгүйг онцгой анхаарах ёстой.  Өнөөдөр Монголд 15 тэрбум төгрөгнөөс  дээш  хөрөнгө оруулалт хийх компани хэд байгаа нь ойлгомжтой шүү дээ.  Ийм  тохиолдолд  5-10 жилийн хугацаанд зарим татварын хувь хэмжээг тогтвортой байлгахаар заасныг  ч ойлгохгүй байна. Гадаад валютын  эх үүсвэр болох гадаад худалдаа байнга алдагдалтай гарах болсонд бодит дүгнэлт хийх цаг болсон.

-Ээлжит бус чуулганаар хэлэлцэж эхлээд орхисон Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төслийг энэ долоо хоногт үргэлжлүүлэн хэлэлцэх юм билээ. Энэ  талаар ямар байр суурьтай байна вэ?

-Энэ хууль манай улсын  эдийн засаг хямарч байгаа яг энэ цаг үед үр дүнгээ өгнө  гэдэгт эргэлзэхгүй байна. Монголбанкинд тушаадаг алт ховордсон нь өнөөдрийн валютын ханшийн савалгаанд нөлөөлж байна.  Алтны бизнес эрхэлж байгаа  компаниудаа төрийн бодлогоор дэмжиж, төв банкинд тушаах, алтны хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Алтны далд худалдааг ил болгох хэрэгтэй. Гадаад валютын ханшийг хязгаарлан барихын тулд дотоодынхоо алт тойрсон асуудлаа төр бодлогоороо  цэгцлэх,  хууль эрх зүйн орчноо сайжруулах  хэрэгтэй байгаа юм

-Эдийн засаг хүндэрсэн гэж олон хүн үзэж байгаа ч зарим нь хэвийн гэсэн дүгнэлт өгч байна. Гэвч хямрал айл өрхийн амьдралд бодитоор нөлөөлсөөр байгаа шүү дээ?

-Иргэд амьжиргаагаа авч явахад  хүндрэл үүсч байна. Жирийн өрх гэр бүлийн тухайд эдийн засаг санхүүгийн нөхцөл байдал хүндхэн байгаа талаар иргэд сонгогчдоос санал хүсэлт ирж байгаа. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж,  өрх иргэн бүр банк санхүүгийн байгууллагад ихээхэн зээлтэй, өрхийн орлогынхоо дийлэнх хэсгийг  өр төлбөртөө өгч ёстой л нөгөө  урд хормой авч хойд хормойгоо нөхдөг  дүр зураг бий болсон тухайгаа ярьж хэлсээр байна.

Энэ бол  бодит байдал. Хувийн хэвшлийг дэмжих төрийн бодлого дутагдаж байгаагаас  тэднийг зах зээлээс шахаж гаргах хүнд суртал  бүхий л төвшинд байна. Төрийн нэрийн өмнөөс төрийн үүргийг хүчтэй болгох тусам хувийн хэвшлийн салбар дампуурдаг жамтай. Түүний оронд төрийн оролцоонд хяналт тавьдаг системийг бид бий болгох шаардлагатай байна.

Чөдөр тушаа болсон олон хуулийн заалтуудыг өөрчилж, иргэддээ бизнесээ эрхлэх боломж нөхцлийг бүрдүүлж өгмөөр байна. Төр хувийн хэвшлийн  түншлэлийг бодитойгоор хэрэгжүүлмээр байна. Ер нь бодлогын алдаа болгон нь эдийн засагт ямархуу хүндрэл учруулж, сөхрүүлж, хямрааж байгаа нь  бидний амьдралаас харагдаж байна.

Өнөөдөр жижиг, дунд үйлдвэрийг  хөгжүүлнэ, иргэдийн бизнесийг дэмжинэ, дундаж давхарга руугаа илүү анхаарна гэж байгаа боловч бодит амьдрал дээр бодлогын энэ хэрэгжилт хангалтгүй  байна. Танил талгүй л бол төрөөс хэрэгжүүлж буй хөтөлбөр төсөлд хамрагдаж  эдийн засаг нийгмийн   дэмжлэгийг авч  чадахгүй байгаагаа иргэд гомдоллон  ярьж  байна.  

-Танай тойрог нийслэлээс нэлээд зайтай болохоор өргөн хэрэглээний барааны үнэ огцом нэмэгдсэн байх. Сонгогчдоос чинь санал гомдол хэр ирж байна вэ?

-Алслагдсан баруун бүсийн аймгийн  ард иргэдийн хувьд  улс оронд нүүрлэсэн эдийн засгийн хүндрэл хүнд цохилт болж байна. Хөдөөгийн иргэд, малчид маань  Улаанбаатар хотоос алс амьдарч байгаагийн хувьд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ хотын иргэдээс  илүү өндөр үнээр  худалдан авдаг.

Тухайлбал, Завхан аймагт  өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн,  шатахууны үнэ  500-1000 төгрөгөөр нэмэгдсэн  учраас сонгогч иргэд цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхийг шаардаж  байна. Нийгэмд ч ийм хүлээлт үүссэн байгаа.

-Орон нутагт ажиллахад ямар асуудлууд тулгарч байна вэ?

-Аймаг орон нутгийн иргэдэд үйлчилгээ үзүүлдэг гол байгууллага болох  халамж, даатгалын байгуулагуудын дарга нарыг босоо тогтолцоонд шилжүүлсэн  явдал нь тухайн  аймаг орон нутгийн  удирдлагаас  тухайн салбарт хариуцлага тооцох үүрэг хүлээлгэх боломж  бараг байхгүй  байна. Орон нутагтаа захирагдахгүй газар, агентлагтай болсон нь буруу.

Тухайлбал, татварын хэлтэс, халамжийн хэлтэс, хөдөлмөрийн хэлтэс, улсын бүртгэл, мэргэжлийн хяналтын газар гэх мэт. Бид төвлөрөлийг сааруулна гэж олон жил ярилаа.  Орон нутагт татвараа  төвлөрүүлж  чадахгүй,  иргэндээ халамж үзүүлж чадахгүй, ажил эрхлэлтээ зохицуулж  чадахгүй, орон нутгийн удирдлага  яаж ажиллах юм бэ.  Аймаг, сумын  төрийн захиргааны байгууллагын бүтэц орон тоо , хэлтэс агентлагын бүтэц, орон тоог тогтоох эрхийг аймгийн ИТХ, Засаг даргад  бүрэн шилжүүлмээр байна. Төрийн албаны шат дамжлага маш их боллоо.