Ж.Эрдэнэбат: Буруу тооцоолол дээр суурилсан төсөв өнөөдрийг хүртэл явж байна
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбаттай ярилцлаа.
-Чуулганы нэгдсэн хуралдаанаар 2014 оны төсвийг хэлэлцлээ. Таны хувьд төсөв дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Өмнөх жилүүдийн алдаатай, бодит бус төсвүүдээс шалтгаалан 2014 оны төсөв ерөнхийдөө алдаатай болох шинжтэй байна. 2012 онд тэрбум орчим төгрөгөөр төсвийн тодотгол хийж байсан. Гэтэл энэ удаа 1.5 тэрбум төгрөгийн хасах тодотгол хийхээр төлөвлөжээ.
Өмнөх онуудынхаа алдаатай төсөв баталсан тэр хэмжээний төсвийг батлуулахаар төсвийн тухай хууль болгон өргөн барьсан байна. Энэ төсөвт би шүүмжлэлтэй хандаж байгаа. 2012 онд нэг ажлыг хийнэ гээд хөрөнгө оруулалтад тусгаад явуулж байсан бол ажлууд нь өнөө жил ахин тэдгээр ажлыг хийнэ хэмээн орж ирж. Энэ мэтчилэн төсвийн хөөсийг батлаад явуулж байсан бол үүнийгээ ахин батлах гэж байгаа нь харамсалтай.
-Та энэ удаагийн төсвийг өрөнд оруулах төсөв болохоор байна хэмээн мэдэгдсэн нь ямар учиртай юм бэ?
-Энэ удаагийн төсвийн тухай хууль нь Монгол Улсыг ихээхэн хэмжээний өрөнд оруулах төсөв болсон нь мэдрэгдэж байна. Өмнөх жилүүдэд Засгийн газрын дотоод бондуудын талаар хэдий хэмжээний бонд гаргаж төсвийн алдагдлаа нөхөх боломжтой вэ гэдгийг гаргаж тавьдаг байсан. Үүнд 600-700 тэрбум орчим төгрөг гаргадаг байсан бол өнөө жилийн хувьд 1.4 их наяд төгрөгийн дотоод зах зээлд өр тавина гэсэн төсвийн төсөл орж ирлээ. Засгийн газар зөвхөн дотооддоо нэг их наяд төгрөгийн өрөнд орох өнгө аяс харагдаж байна.
Монгол Улсын төсөв өр тавьж санхүүжилт гаргахдаа бус аль болох бодит эдийн засгийн өсөлтийнхөө боломжид тулгуурласан орлогоо олоод түүгээрээ зарцуулалтаа гаргадаг эрүүл механизмтай болох хэрэгтэй. Жил бүр нэг их наяд төгрөгийн дотоод өр, 1.5 тэрбум ам.долларын бондын өр нийлээд хэдэн тэрбум ч болох юм бүү мэд.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулна гээд оруулж ирж байна. Одоогийн хуулиар 2014 онд ДНБ-ий 40 хувьтай тэнцэх хэмжээний өртэй байна гэсэн заалт байгаа. Эл тогтвортой байдлын тухай хуулиараа 60 хувь болгоно гэсэн өөрчлөлт оруулж ирлээ. Монгол Улс бүтэн жилийн турш салбар бүрээс олсон ашгийнхаа
60 хувьд өр тавина гэдэг жинхэнэ утгаараа өрийн дарамтад орох эхлэл тавигдана гэсэн үг.
-Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн төсөвт тодотгол хийх шаардлагагүй гэх зүйл ярьсан байсан?
-Төсөвт тодотгол хийхгүй бол сүүлд тайлан тооцоогоо яаж гаргах юм. Түүнчлэн дараа дараагийнхаа төсвийг яаж батлах вэ. 2013 онд 1.4 их
наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ гэсэн бол орлого нь 1.5 их наяд төгрөгөөр тасарчихсан байгаа үед хийсэн, хийгээгүй ажил нь тодор- хойгүй байна. Цаашид хийх ажил нь ч тодорхойгүй. Ийм байдалд бид 2014 оны төсвийг батална гэдэг хүндрэлтэй.
1.5 их наяд төгрөг гэдэг хэдэн жилийн өмнөх хоёр жилийн төсөв. Гэтэл энэ их хэмжээний мөнгөөр төсөв доголдчихоод байхад тодотгол хийхгүй явчихвал яаж дараа дараагийн үйл ажиллагааг явуулах юм. Тиймээс төсвийн тодотгол зайлшгүй хийх шаардлагатай.
-МАН-ын бүлгийн зүгээс ирэх оны төсвийн төслийг Засгийн газар дахин засаж оруулах ирэх шаардлагатай гэдэг байр сууриа илэрхийлсэн шалтгаан нь юу юм бэ?
-2014 оны төсвийн тухай хууль нь Монгол Улсын хэд хэдэн хуулийг зөрчин орж ирсэн. Жишээ нь 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг зөрчсөн. Тиймээс үүнийг өөрчлөх шаардлагатай. Мөн Тогтвортой байдлын тухай хуулиа зөрчсөн. Хууль зөрчин хуулийн төсөл өргөн барьж буй тохиолдолд буцаах эрх нь УИХ-д байгаа.
Гэтэл эрх баригчид өмнө нь ийм жишиг байсан. Бид үүнийг ярилцаж байх явцдаа гаргаж ирсэн хуулиндаа нийцүүлэн тухайн хуулийг өөрчилдөг байсан гэх тайлбарыг өгч байна. Төр засаг нь өөрсдөө хууль зөрччихөөд яаж ард түмнээ хууль хэрэгжүүлж ажилла гэж хэлэх юм бэ.
-Ирэх оны төсөв эрүүл гарахад ямар ямар хүчин зүйлсийг өөрчлөх шаардлагатай байна вэ?
-Ирэх оны төсвийн хувьд 2-3 жилийн өмнө эхэлсэн хөөсөрсөн байдлаа залруулах ёстой. Бид урсгал зардлуудаа тодорхой хэмжээний хяналттай зарцуулах хэрэг- тэй. Урсгап зардлууд дээр бараа үйлчилгээний өссөн зардлууд байна. Эдгээр зардлуудаа танах нь зүйтэй. Магадгүй хөрөнгө оруулалтын хувьд 1.5 их наяд төгрөгт хөрөнгө оруулалт хийх шаардлагатай юу гэдгийг судалж үзэх ёстой.
Уг нь бид ирээдүйгээ өөдрөгөөр төсөөлөх хэрэгтэй. Эдийн засаг хөгжиж дэвжих ёстой гэж харах нь зөв. Гэхдээ бодит амьдралдаа нийцүүлэх ёстой юм.
Эдийн засаг 17 хувиар өсөхөд хоёр их наяд төгрөгөөр өмнөх оныхоос илүү орох ёстой хэмээн буруу тооцоолсон. Буруу тооцоолол дээр суурилсан төсөв нь өнөөдрийг хүртэл явчихлаа. Тэгэхээр Монгол Улсын эдийн засаг хэдий хэмжээнд яаж ч өслөө гэсэн хоёр их наяд төгрөгийн орлогыг гүйцэн орох хэмжээний өсөлт гарах нь маш төвөгтэй болчихоод байна. Манай орны төсөв зардлаа багцалчихаад түүндээ таарсан орлого тавиад байгаа. Уг нь эсрэгээрээ бодит орлогоо тооцчихоод түүндээ таарсан зардлаа тавих ёстой.
-Чуулганаар та бондыг өр хэмээн хэзээнээс нэрлэх вэ гэж Ерөнхий сайдаас асууж байсан. Бондын өрийг төсөвт тусгасангүй гээд байсан даа?
-Засгийн газар “Чингэс” бондыг гаргасан. Ирэх жилээс “Самурай” бонд авах юм шиг байна. Эдгээр бондууд Монгол Улсын гадаад өр байхгүй юу. Өрийг хэн төлөх нь хамаагүй. Засгийн газраас баталгаа гаргаад авчирсан бол Засгийн газар төлнө. Бондыг хэнд өгч, ямар үйл ажиллагаа явуулсан нь хамаагүй Энэ нь Монгол Улсын өр учраас төсөвт зайлшгүй тусгагдах ёстой