Г.Шийлэгдамба: Н.Энхбаяр дарга эмчилгээний зардалд нь хандив цуглуулахыг зөвшөөрөөгүй
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба
2013.10.11

Г.Шийлэгдамба: Н.Энхбаяр дарга эмчилгээний зардалд нь хандив цуглуулахыг зөвшөөрөөгүй

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбыг энэ удаагийн “Ярилцах танхим ”-даа урьж ярилцлаа.

-МАН-ын Их хурал удахгүй хуралдах гэж байна. Танай намынхан энэ их хурлыг нэлээд анхааралтай ажиглаж, цаашдын үйл ажиллагаагаа явуулна гэж байсан. Хэвээрээ юу?

-МАН-ын Их хурал болох гэж байгаатай холбоотой олон асуудлыг бид анхаарлын төвдөө байлгаж байгаа. УИХ дахь хүчтэй цөөнх учраас энэ намын дотоод амьдралд болж буй үйл явц, энэ намын их хурлаас гарах шийдвэр Монголын улстөр, нийгмийн хүрээнд анхаарал татах асуудал мөн. Тиймээс улс төрийн намын хувьд бид анхааралтай ажиглах нь зүйн хэрэг. Ганцхан МАН-ын асуудал, МАН-ын Их хурал ч биш. Улс төрийн намынх нь хувьд сонирхох ёстой. Тухайн намын УИХ дахь бүлгийн чадамжаас шалтгаалж УИХ-ын үйл ажиллагааны чадамж хамаарна. Энэ удаагийн УИХ-ын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаа. Энэ нь УИХ-д суудалтай намуудаас шалтгаалж байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй.

-МАХН энэ онд багтаж Бага чуулган, Их хуралдайгаа хуралдуулна гэж байсан. Хугацаагаа товлосон уу?

-Намынхаа Бага чуулганыг ондоо багтааж хуралдуулна. Төлөвлөгөөгөө гаргаад байна. Их чуулганаа он гараад нэгдүгээр сард багтааж хийхээр товлоод байна. Бэлтгэл ажил их байна. Өнгөрсөн сонгуулиудын үр дүн, намын байгууллагаа бэхжүүлэх асуудал, намын дүрэмд оруулах өөрчлөлт, өнөөгийн УИХ, Засгийн газарт үнэлэлт дүгнэлт өгөх, “Шударга ёс” эвслээс УИХ, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан асуудлуудаа эргэж дүгнэх зэрэг асуудлыг ярих юм. Энэ мэтчилэн тодорхой ярих зүйлүүд их бий. Намын Их хурал болохоор амжилт, алдаа оноогоо ч ярина.

-“Шударга ёс” эвслийн бүлэг Засгийн газрын нэг жилийн хугацааны үйл ажиллагаанд сайн үнэлгээ өгсөн. Харин бүлэг болон танай намын хувьд УИХ-ын үйл ажиллагаанд төдийлөн сайшаахгүй байгаа гэж ойлгож болох уу?

-Засгийн газрын үйл ажиллагааг бүхэлд нь харлуулж болохгүй.  Шинэчлэлийн Засгийн газар олон ажлыг төлөвлөсөн, хийсэн. Үнэлэх ёстой. Гэхдээ бүхэлдээ сайн ажилласан гэж хэлж болохгүй. Улс орны эдийн засгийн орчин нөхцөл, хүндрэл бэрхшээл Засгийн газартай холбоотой. Үүн дээр шүүмжлэлтэй хандаж байгаа. Үүсээд байгаа нөхцөл байдлаас яаж гарах тухайд Засгийн газар хэрхэн ажиллаж байгааг улстөржүүлэх шаардлагагүй. Засгийн газрын үйл ажиллагаанд намын байр сууринаас үнэлэлт дүгнэлт өгмөөргүй байна. УИХ-ыг бүрдүүлж байгаа олонхи, цөөнхийн бүлэг, эвслийн бүлэг, бие даагчид л үнэлэлт дүгнэлт өгөх ёстой. Өмнөх УИХ-ын хэлэлцэж баталсан хуулиудад өөрчлөлт оруулах, засаж сайжруулах ажлыг л одоо хийж байна. Одоогоор үр дүнд хүрсэн нь үгүй байна. Сая болсон ээлжит бус чуулганаар л гэхэд ганц ч хуулийг хэлэлцэж чадаагүй.

-Энэ Засгийн газрын бүтцэд танай намын хоёр ч сайд байна. Засгийн газар сайн муу ажиллаж байгаа нь Д.Тэрбишдагва, Ч.Улаан сайд хоёроос ч хамааралтай. Энэ хоёр сайдаа хэр ажиллаж байна гэж бодож байна. Сайн ажиллаж чадаж байна уу?

Эвслээс Засгийн газарт ажиллаж байгаа сайд нар хичээл зүтгэлтэй ажиллаж байгаа ч шүүмжлэлтэй хандах зүйлүүд байна.

-Засгийн газар кабинетийн зарчмаар л ажилладаг. Эвслээс Засгийн газарт ажиллаж байгаа сайд нар хичээл зүтгэлтэй ажиллаж байгаа ч шүүмжлэлтэй хандах зүйлүүд байна. Гэхдээ зөвхөн нэг хоёр салбарынх нь хэмжээнд авч үзмээргүй байна. МАХН өөрийн сайд нар, УИХ-ын гишүүддээ болон тодорхой албан тушаалтнууддаа хариуцлагыг нь сануулсан эрхзүйн баримт бичгийг гаргаж мөрдүүлэхээр батлаад байна. Мөн зөвлөмж ч хүргүүлнэ.

-Сайд гэснээс саяхан танай намаас томилогдсон Хуульзүйн дэд сайд Э.Эрдэнэжамъяны шүүх хурал болж, хэрэг нь нэмэлт мөрдөн байцаалтад буцлаа. Энэ хэргийн шүүх хурлын талаар намын генсекийн хувьд та ямар байр суурьтай байна. Энэ ер нь шүүхээр яваад байх асуудал мөн үү?

-Шүүхээр хэлэлцэх асуудал мөн эсэхийг барин тавин хэлэх нь зохимжгүй. Нэгэнт хэрэг үүсгээд мөрдөн байцаалт явуулж, шүүх хурал хийж байгаа хэрэг. Би сая болсон шүүх хуралд оролцсон. Шүүх хурал мэтгэлцэх зарчмаар явсан. Улсын яллагчаас тавьж байгаа асуулт, дэд сайдын өгч байгаа тайлбар, нотлох баримт, гэрчийн мэдүүлэг зэргээс харахад энэ бол эрүүгийн хэрэг биш. Цаашид нарийвчилж мөрдөн байцаалт явуулах ёстой юм байна. Бүр тодорхой хэлбэл, цагаатгах асуудал юм байна гэж бодогдсон. Э.Эрдэнэжамъян ч шүүх хуралд яллагчийн асуултыг үгүйсгэх байдлаар хариулж, өөрийгөө хамгаалж чадсан гэж бодож байгаа.

Э.Эрдэнэжамъянг буруутай гэж үзвэл Интерпол ч бас журмаа зөрчсөн гэдгээр буруутай болж таарна.

Тиймээс л нэмэлт мөрдөн байцаалтад шилжсэн болов уу. Манай намынхан бол энэ хэргийг улстөрийн хэрэг гэж харж байгаа. Дэд сайдыг Интерполд мэйл явуулсан гэдгээр л хэрэг үүсгэсэн. Мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд саад болох субъект нь Э.Эрдэнэжамъян биш. Интерпол өөрийн дотоод журмын дагуу түүний хүсэлтээр Н.Энхтуяа, Б.Хуяг нарыг эрэн сурвалжлахаа зогсоосон. Дэд сайдын нөлөөгөөр биш шүү. Хэрвээ Э.Эрдэнэжамъянг буруутай гэж үзвэл Интерпол ч бас журмаа зөрчсөн гэдгээр буруутай болж таарна. Ийм л ойлгомжгүй, логикгүй хэрэг. Тийм учраас л мөрдөн байцаалтад буцаасан.

-Өмнө нь Хуульзүйн дэд сайдаа хуульчид өөрсдөө шүүж байгаагүй байх шүү?

-Энэ бол энгийн зүйл. Монгол Улсын түүхэнд, ардчилсан Монголд төрийн тэргүүнээ шүүхээр албан ёсоор гэм буруутайг нь нотлоогүй байхад төрийн 800 цагдаагаар ёс бусаар баривчилж, дэлхий нийтэд цацсан. Тийм байхад энэ бол гайхаад байх хэрэг биш болов уу.

-Та Н.Энхбаяр даргын оношийг олонд зарлаж, дэлгэмээргүй байна гэж хэлж байсан. Яагаад тэгсэн юм бэ. Онош нь хэвлэлүүдээр гарч байсан хэвээрээ биз дээ?

-Хэвээрээ. Онош талаас нь биш зарчим талаас нь ярьсан юм. Хувь хүний нэр хүндийн асуудал, эрүүл мэндийг нь бодоод л тэгсэн юм.

-Одоо бие нь ямархуу байгаа бол?

-Эмчилгээ хийлгэж байгаа юм чинь бие нь харьцангуй гайгүй болоод байгаа. Гэхдээ бүрэн сайжирч эдгээгүй. Нарийн шинжилгээ хийж, эмчлэх шаардлагатай. Цаг хугацаа их орно.

-Одоо Н.Энхбаярын дэргэд хэн байгаа вэ. Намаас, гэр бүлээс нь хэн сахиж байна?

-Намаас хүн байхгүй. Харин гэр бүлийнх нь хүн тэнд байгаа.

-Удахгүй танай намаас хүмүүс явж даргыгаа эргэх гэж байгаа гэсэн. Хэчнээн хүн хэзээ явах гэж байгаа юм бол?

-Намынхан ч биш л дээ. Ах дүү хамаатан садан, намаас нь төлөөлөл ч явна. Чухам хэзээ, хэн хэн явах нь тодорхойгүй байна. Даргыг эргэе, очиж уулзая гэсэн хүмүүс зардал мөнгөө гаргаад, визээ мэдүүлж л байгаа. Онгоцны зардал, үнэ өртгөө бодоод хүмүүс хоорондоо нийлээд явах гэж байгаа юм билээ.

-БНСУ-ын ЭСЯ-наас Н.Энхбаяр даргыг эргээд ирье, яваад ирье гэхэд нэг их саад болоод хориглоод байхгүй биз дээ?

-Тийм юм байхгүй байх гэж бодож байна. ЭСЯ-ныхнаас өөрсдөөс нь асуувал дээр байх. Хүн хэнийгээ эргэж тойрох нь хувь хүний асуудал. Ямар вэб сайт дээр эмнэлгийнх нь хаягийг тавьчихаад “Та бүхэн очиж эргээрэй” гээд зарлаад байлтай биш.

-Солонгост эмчлүүлэхээр яваад сар гаруй болох гэж байна. Эмчилгээний зардал мөнгө нь чамгүй өндөр гарч байгаа байх. Намынх нь зүгээс хандив тусламж үзүүлж байгаа юу?

Монголын төр энэ хүнийг хэлмэгдүүлсэн болохоор төр эмчилгээний зардлыг нь даах ёстой гэж бодож байгаа.

-Монголын төр энэ хүнийг хэлмэгдүүлсэн болохоор төр эмчилгээний зардлыг нь даах ёстой гэж бодож байгаа. Гэхдээ албан ёсоор хүсэлт тавиагүй. Ойр тойрныхон нь дэмжиж тусалж, эмчилгээг нь хийлгэж байгаа болов уу. Манай намын ахмадууд, ээжүүд хандив мөнгө цуглуулах аян өрнүүлэх саналыг намдаа албан ёсоор тавьсан. Харин Н.Энхбаяр дарга үүнийг хүлээж аваагүй. Монголын нийгэм хэцүү, амьдрал тааруу байхад нь ийм зүйл зохион байгуулах шаардлагагүй гэсэн.

-МАХН даргагүй нэлээд удаан үйл ажиллагаагаа явууллаа. Н.Энхбаяр даргын биеийн байдал хэзээ дээрдэж, намаа удирдах нь тодорхойгүй байна. Намын даргын асуудлыг удирдлагуудын төвшинд ярьж байгаа болов уу?
Н.Энхбаяр дарга улс төрийн намын дарга гэдгээр тодорхойлогдох хүн биш шүү дээ. Төрийн гурван том албыг хашиж байсан цорын ганц хүн. Түүний мэдлэг туршлага, гадаад дотоод дахь нэр хүнд нь Монгол Улсын үнэт зүйл юм.

-Н.Энхбаяр дарга улс төрийн намын дарга гэдгээр тодорхойлогдох хүн биш шүү дээ. Төрийн гурван том албыг хашиж байсан цорын ганц хүн. Түүний мэдлэг туршлага, гадаад дотоод дахь нэр хүнд нь Монгол Улсын үнэт зүйл юм. Бусад Ерөнхийлөгч нар ч адилхан. Энэ хүмүүсээ бид насан туршид нь хүндэтгэж харилцах ёстой. Хүн ёсны, төрт ёсны заншил ийм л байх хэрэгтэй. Нөгөө талаас Н.Энхбаяр манай намын дарга хэвээрээ байгаа. Намын үйл ажиллагаанд даргын зөвлөмж зөвлөгөө, туршлага, санал бодлыг авах асуудал байнга л гарч байдаг. Бололцоо алга байна. Өмнө нь шоронд, эмнэлэгт байхад нь ч намын дотоод асуудалд оролцуулаагүй. Бидний хариуцаж хийх ёстой ажил л даа.

-Н.Энхбаяр дарга “Надгүйгээр намынхаа ажлыг явуул” гэж хэлсэн үү?

-“Надгүйгээр” гэдгийг би юу гэж ойлгох вэ. Бусад хүмүүс юу гэж ойлгох вэ. Үүнийг намын даргагүйгээр гэж ойлгож болохгүй. Бид даргынхаа дадлага туршлагыг ганцхан нам биш улс орон бүхэлдээ л ашиглах ёстой гэж бодцог. Ер нь зарчмын байр суурь илэрхийлдэг хүн шүү дээ. МАХН-ын зорилго, үзэл баримтлал юу юм бэ гэдгийг мэднэ. Бусдын алдааг давтахгүй, сайн талыг нь дуурайх нь бидний чухал зарчим. Энэ зарчмаараа л ажиллаж байгаа.

-Танай даргын орөөг хууль цагдаагийнхан нэгжиж, хувийн эд зүйлийг нь хураасан асуудлаар МАХН-аас НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссын шинжээчид хандсан. Энэ асуудал юу болсон бэ. Хариу ирсэн үү?

-Тодорхой баримт бичиг ирээгүй. Өмгөөлөгч нар нь, УИХ-ын гишүүдээс асуудал тавьсан. Хариу ирэх байх гэж бодож байна. Хувь хүмүүс, иргэд ч хүний эрхийн байгууллагад хандсан. Тухайлбал, ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадоржид хандсан. Тодорхой хариу өнөөдрийн байдлаар ирээгүй байна.

-Ж.Бямбадорж дарга хоёр гуравхан хоногийн өмнө “Одоогоор Н.Энхбаяртай холбоотой гомдол санал ирээгүй байна. Н.Энхбаярыг баривчлах үед эрхийг нь зөрчсөн хүмүүст хариуцлага тооцоогүй. Нэгэнт болоод өнгөрсөн хэрэг. Цаашид ийм асуудал гаргуулахгүй байх нь чухал* гэж хэвлэлд өгсөн ярилцлагаараа дамжуулан хэлсэн?

-Тийм үү. Би хараагүй. Ер нь хүмүүсийн нүдэнд ил болсон хэрэг л дээ. Хууль хүчний байгууллагынхны нэр хүндийг ч сэвтүүлсэн.

-Бидний ярилцлагын цаг дуусах дөхөж байна. Намрын ээлжит чуулган эхэллээ. Ирэх оны төсвийг хэлэлцэж байна. УИХ дахь намын бүлгүүд ирэх оны төсвийг өөр өөрсдийнхөөрөө тодорхойлоод эхэлчихсэн. Тухайлбал, МАН-ын-хан нэлээд өлдсөн төсөв болсон гэж дүгнээд байгаа. Танай намын хувьд ирэх оны төсвийг сонирхож үзэв үү. Танай намаас Засгийн газарт орж гжиллаж байгаа хоёр сайдад ирэх онд бид хоолтой байх эсэх нь хамгийн их хамаатай. Гэтэл төсвийн талаар төдийлөн байр сууриа илэрхийлэхгүй байгаа?

-Төсөвт гарцаагүй тодотгол хийх. ёстой. Төсвийг танах, орлого бүрдүүлэх чиглэлээр Засгийн газар нэлээд ажиллаж байгаа гэсэн ойлголттой байгаа. МАН-ынхны байр суурийг зөв гэж бодож байгаа. Гэхдээ улстөржсөн хандлагууд ажиглагдаж байгааг нуух хэрэггүй. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хэлж байгаа нь зөв л дөө. Төсвийн байгууллагын хэтэрхий үрэлгэн байдлыг танах ёстой. Товчхондоо ирэх жил бид бүсээ нэлээд чангалах л хэрэгтэй болж байгаа байх.

-Таныг генсекийн суудлаас чинь огцруулах, хариуцлага тооцох тухай яриа гарч байснаа намжчих шиг боллоо. Хаанаас ийм яриа гарч, хаашаа шингэчихэв ээ?

-Үүнийг би хариулах боломжгүй. Чимээгүй болчихсон юм уу. Намын шийдвэр гаргах төвшинд ажиллаж байгаа хүмүүст хариуцлага тооцох тухай асуудал байнга л гарч байдаг. Цочирдоод байх зүйл биш. Хэн нэгний захиалгаар, өөр намынхны хатгаасаар тийм яриа гарсан байхыг үгүйсгэхгүй.

-Ийм яриа гарахад гайхаж цочирдоогүй гэж үү?

-Үгүй.

Ярилцсанд баярлалаа.