Л.Дуурсах: 2030 он гэхэд МУ баялаг бүтээгч, үйлдвэрлэгч иргэдтэй болно
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд Шинжлэх ухааны ололт, нэвтрүүлэх төвийн захирал Л.Дуурсах
2013.10.08

Л.Дуурсах: 2030 он гэхэд МУ баялаг бүтээгч, үйлдвэрлэгч иргэдтэй болно

Шинэчлэлийн Засгийн газрын томоохон ажлын хүрээнд Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны дэргэд Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд Шинжлэх ухааны ололт, нэвтрүүлэх төв байгуулагдсан. Тус төв нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг шинжлэх ухааны чиг баримжаатай, эдийн засгийн шинэчилсэн бодлогоор хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг боловсруулж байгаа ажээ. Энэ талаарх мэдээлэл болон хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлсэнээр орон нутгийн хөгжилд ямар ач тустай талаар тус төвийн захирал Л.Дуурсахтай ярилцлаа.

-Үндэсний хөтөлбөр хэзээ бэлэн болох вэ?

Боловсруулаад бараг дуусч байна. Хөтөлбөрийн хүрээнд 21 аймаг, 330 суманд орон нутгийн хөгжлийг шинжлэх ухааны үндэслэлтэй, эдийн засгийн үр өгөөжтэй зөв хөгжүүлэх нь бидний хамгийн том зорилт. Хөтөлбөрийг боловсруулсаны дараа яам, засгийн газар болон Улсын их хурлаар авч хэлэлцэх байх гэж найдаж байна.

-Танай төв байгуулагдаад жил өнгөрлөө. Ямар ажлуудыг амжуулсан бэ. Ололт, дэвшилттэй талаасаа хуваалцаач?

Хуучин энэ байгууллага дамжуулах төв нэртэй газар байсан. Одоо бүтэц нь өөрчлөгдөөд манай төв байгуулагдсан.

Ер нь монгол улсын хөдөө аж ахуйд шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх нь асар их хэрэгтэй. Олон мянган жилийн турш бидний өвөг дээдэс өвлүүлж үлдээсэн уламжлалт бэлчээрийн мал аж ахуйгаа шинжлэх ухаан техник технологийн ололттой талыг ашиглан, хүч хавсруулж хөгжүүлвэл манай улсын өрсөлдөх чадвар дээшилнэ. Өөрөөр хэлбэл эрүүл аюулгүй, олон улсад өрсөлдөх чадвартай брэнд бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх зорилготой гэсэн үг.

Монголын 40 сая малаас гарч байгаа бүтээгдэхүүн нь зуун хувь органик бүтээгдэхүүн. Органик бүтээгдэхүүнийг дэлхий дээр үнэлж байна. Тэгэхээр бид өөрсдийн давуу талаа ашиглан тухайлбал арьс шир, ноос ноолуураа зуун хувь эцсийн бүтээгдэхүүн болгох хэрэгтэй.

Үндсэндээ хөтөлбөр батлагдсаны дараа богино хугацаанд хэрэгжүүлэх, бодит ажил болгох тал дээр шинэчлэлийн засгийн газар ажиллана гэдэгт итгэлтэй байгаа.

-Манай улсад шинжлэх ухааны салбар үүсч хөгжөөд 70-аад жилийн нүүрийг үзэж байгаа. Энэ хугацаанд хийгдсэн ололттой талуудыг одоо ашиглах боломжтой юу. Энэ талаар судалж үзсэн үү?

Бид энэ хөтөлбөрт олон жилийн турш хийгдсэн, өмнө нь хийсэн олон судалгаа, материалыг судалж, оруулсан. Мөн хөрш зэргэлдээ Хятад, Өвөр Монгол, Орос, Европ, Канад Америк, Япон, Солонгос зэрэг улсын туршлагыг судалж, хөдөө аж ахуйн салбарт  техник технологийн инновацийг хэрхэн нэвтрүүлсэнийг авч үзсэн. Гэхдээ бид хуулбарлаж, дууриахыг зориогүй. Монголынхоо таван хошуу мал, уур амьсгалд таарч тохирсон үйлдвэр технологи, инновацийг дамжуулахыг хичээсэн.

-Монголчууд бид малын мах, сүүгээ органик гэдэг ч олон улсын зах зээлд тодорхой стандартын шалгуураар  гологддог. Энэ байдлыг хэрхэн өөрчлөх вэ.  Ямар технологи хэрэгтэй вэ?

Ерөнхийдөө үндэсний хөтөлбөрт маань хүнсний аюулгүй байдал, малыг бүртгэлжүүлэх, малыг индексжүүлэх бодлого хамгийн чухлаар тусгагдсан. Таван хошуу малыг олон улсын стандартаар бүртгэлжүүлж, эрүүлжүүлвэл мах сүү зэрэг бүтээгдэхүүн нь олон улсын зах зээл дээр гарахад асуудалгүй болно.

Юун түрүүнд улс орны хувьд хүн нь хамгийн том баялаг.

Юун түрүүнд улс орны хувьд хүн нь хамгийн том баялаг. Хүн нь эрүүл байж, зөв сэтгэж, мэдлэг боловсролтой байснаар баялаг бүтээх арга замыг бий болгоно. Тийм л иргэн малаа эрүүлжүүлж, эрүүл хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Тэгэхээр манай хөтөлбөрийн гол цөм хүнээ мэдлэгжүүлж, боловсруулах явдал юм.

-Хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байгаа малчид, тариаланчдад илүү чиглэсэн сургалт явуулах нь гэж ойлгож болох уу?

Тийм ээ. Монголын малчид, тариаланчдыг мэдлэгжүүлэх, яавал эрхэлж буй ажлаа сайжруулах вэ, орчин үеийн аргыг уламжлалт аргатай хослуулан мал аж ахуйгаа эрхлэх талаар эрүүл малын бүтээгдэхүүн гаргаж авах талаар мэдээлэл олгоно гэсэн үг. Мөн тариаланчдад зориулсан сургалтууд явагдана.

Хамгийн гол нь монголын ард түмэн өмсдөг хувцсаа өөрсдөө үйлдвэрлэдэг, иддэг хүнсээ өөрсдөө үйлдвэрлэдэг болж илүүгээ олон улсын зах зээлд гаргаж ашиг олдог үйлдвэрлэгч орон болох ёстой юм.

-Малчид, тариаланчдыг сургана гэлээ. Ямар байдлаар зохион байгуулах нь хүртээмжтэй байх вэ?

Сургалтын асуудлыг сайн тусгаж өгсөн. Үндэсний хөтөлбөр дотор хөдөө аж ахуйд мэдлэг түгээх, мэдээллийн тогтолцооны дэд хөтөлбөр орсон. Энэ хүрээнд хөдөө орон нутгуудаар цацагддаг телевизийн сувгийг ашиглаж, теле  хичээл, нэвтрүүлэг боловсруулна. Бүх малчин айл гаднаа тогоон антен тавьчихсан, ТВ үздэг болсон. Мэдээллийн сувгийн

Завхан аймгийн Отгон сумын малчин айл

хүчийг ашиглана.

Хүнээ хөгжүүлж байж улс орон хөгжинө. Малчдаа ухаантай мэдлэгтэй болгочихвол хөдөө аж ахуй хөгжинө. Теле хичээлээр таван минут малчдад өгөх зөвлөгөө, эрчимжсэн мал аж ахуй, хүлэмжийн аж ахуйн зөвлөгөө, үйлдвэрлэл эрхлэх сургалтыг бүхэл бүтэн программ болгож телевизээр явуулна.

Нийгэм даяараа хүртээмжтэй гаргаж чадвал ард түмэн маань хүссэн хүсээгүй баялаг бүтээгч болно. Мэдлэгтэй хүмүүс аж ахуй эрхэлж, үйлдвэрлэл явуулж чадна.

Одоогийн байдлаар сургалтын нэвтрүүлгийг ШУТИС-тай хамтарч явуулахаар төлөвлөөд байгаа.

-Теле хичээл сургалтаар хүмүүс үйлдвэрлэгч болох хүсэлтэй боллоо гэж бодоход үйлдвэрлэл эрхлэх хөшүүрэг, зээл хэрэгтэй. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ?

Хөшүүрэг нь нийгэм, шинжлэх ухаан, хөрөнгө оруулалт, зах зээл, боловсон хүчин, сэтгэл зүйн зэрэг бүхий л талын цогц судалгаануудыг бид гаргаж, хөтөлбөрөө гаргасан.

Энэ судалгааг нэгтгэсэн үр дүнгээр нь авч үзвэл сургалтын технологи, практик бүхий  мэдээллийгөгөх учраас энэ тал дээр санаа зоволтгүй. Бүх зүйл бодитоор хийгдэж, практик дадлагыг хүмүүст өгнө. Гарын авлагыг ч гаргах болно.

Иргэд л хүсвэл яавал үйлдвэрлэл эрхлэгч болохыг заагаад өгнө.

-Одоогийн байдлаар хөдөө аж ахуйн салбарт нэвтэрсэн ШУ-ны ололт ямар түвшинд байгаа вэ. Ямар түвшинд хөгжиж байна вэ?

Манай улс өнгөрсөн хорин жил шинжлэх ухааны чиг баримжаатай хөгжлийг хаяж, ерөөсөө л улс төр, нийгэм эдийн засгийн тогтолцоогоор явсан. Гэтэл баялаг бүтээгч, үйлдвэрлэгч болохын тулд хэзээ ч улс төр, нийгэм, эдийн засгийн тогтолцоогоор хөгжинө гэсэн ойлголт байхгүй. Харин улам ч доош нь татдаг.

Тиймээс шинжлэх ухааны чиг баримжаатай, эдийн засаг, хөрөнгө оруулалтын шинэчилсэн бодлогыг нэвтрүүлсэнээр улс орон үйлдвэржиж, баялаг бүтээгч болж чадна. Гэхдээ бид одоо л эхэлж байгаа учраас бүх зүйл амаргүй. Эхлээд тодорхой хэмжээний үр дүн гартал цаг хугацааны хүчин зүйл хэрэгтэй.

Шинэчлэлийн засгийн газарт ч хугацаа хэрэгтэй. Манай үндэсний хөтөлбөр биеллээ олоход хугацаа хэрэгтэй. 2030 он гэхэд манай улс хүмүүс нь баялаг бүтээдэг мэдлэгтэй чадвартай болчихсон, үйлдвэрлэгч орох болох болно.  

Малаас гарч байгаа бүтээгдэхүүнээ 100 хувь боловсруулдаг, дотоод гадаадын зах зээлийг бүрэн хангадаг болно.

-Хөдөө аж ахуйг хөгжүүлэх нэртэй олон төсөл хөтөлбөр, Засгийн газраас гаргасан уриа лоозон байсан. Тэд тодорхой үр дүнд хүрээгүй гэж үү?

Үнэхээр зөв зүйтэй хөтөлбөрүүд байсан ч гэлээ хоорондын уялдаа холбоогүй байдлаас болж нэг нэгээрээ унасан. Одоо бидний гаргах хөтөлбөр бол цогц үндэсний хэмжээний даацтай хөтөлбөр юм.

Амьдралд хамгийн ойрхон бөгөөд цаашдаа хэдэн арван жилээр үргэлжилж явах чадамжтай хөтөлбөр болох ёстой.

Бидний зорилго бол хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний органик хэв шинжийг нь хадгалж хамгаалан, эрүүлжүүлж, боловсруулахдаа олон улсын стандартыг мөрддөг болох явдал юм.