Шинзо Абэ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзав
Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ 9 дүгээр сарын 29-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Токио хотын Шибуя дүүрэг дэх гэртээ урьж уулзав. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцоод буцах замдаа Токиогоор дайрч өнгөрсөн юм.
Ерөнхий сайд Ш.Абэ саяхан Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг хүлээн авч айлчлуулан Монгол, Японы хамтын ажиллагааны 2013-2017 оны хөтөлбөрт гарын үсэг зурсан, энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2010 онд Япон Улсад айлчлахдаа томъёолж тунхагласан Монгол, Японы стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлж гүнзгийрүүлэхэд ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ онд хоёр орны Ерөнхий сайд нар хагас жилийн хугацаанд харилцан айлчилж, цаашдын хамтын ажиллагаанд чухал хөтөлбөр байгуулсанд баяр хүргээд, түүнийг хэрэгжүүлэх талаар эрчтэй хамтран ажиллая гэв. Япон Улсын Ерөнхий сайд гадаад улсын төрийн тэргүүнийг өөрийн гэртээ урьж уулзаж байгаа нь анхны тохиолдол ажээ.