2013.10.01

Ерөнхий сайд БНСУ-ын Үндэсний ассамблейн даргыг хүлээн авч уулзлаа

Ерөнхий сайд Н.Алтанхуяг манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга, ноён Кан Чан Хий тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайд уулзалтын эхэнд Монгол улсад айлчлал хийж буйд талархал илэрхийлээд Монгол Солонгосын харилцаа иж бүрэн түншлэлийн түвшинд бүхий л салбарт өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа хэллээ.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг, БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга, ноён Кан Чан Хийгийн хамт

Эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг тодорхой асуудлаар Засгийн газрын түвшинд яриа хэлэлцээ хийх механизмтай болох нь ач холбогдолтой.

Энэ зорилгоор БНСУ-тай Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны Зөвлөл эсвэл зөвлөлдөх уулзалт зохион байгуулах саналтай байгаагаа Ерөнхий сайд хэлээд Үндэсний Ассамблейн зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Солонгосын Үндэсний Ассамблейн дарга, ноён Кан Чан Хий Монгол Улсад хийж буй энэхүү айлчлалдаа ач холбогдол өгч байгаагаа уулзалтын үеэр тэмдэглэж байлаа.