НҮБ-ын нарийн бичгийн дарга нарын газарт манай мэргэжилтэн ажиллана
Гадаад харилцааны сайд Л.Болд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч В.Хонг-той уулзлаа
2013.09.30

НҮБ-ын нарийн бичгийн дарга нарын газарт манай мэргэжилтэн ажиллана

Гадаад харилцааны сайд Л.Болд ЕА-н 68 дугаар чуулганд оролцож, Нью-Йоркт ажиллах үеэрээ Эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч В.Хонг-той өнөөдөр уулзлаа.

Уулзалтын үеэр НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газарт мэргэжилтэн ажиллуулах AE/JPO/APO хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тохиролцож, Монгол Улсын Засгийн газар НҮБ-тай байгуулах Санамж бичигт гарын үсэг зурлаа.

Уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр боловсон хүчнийг бэлтгэх чиглэлээр НҮБ-тай хамтран ажиллах, НҮБ-ын нарийн бичгийн дарга нарын газарт суларч буй ажлын байрны талаар өргөн мэдээлэл авах, ажлын байрны сонгон шалгаруулалтын туршлагаас суралцах, цаашилбал НҮБ-ын нарийн бичгийн дарга нарын газарт монгол иргэдийг гэрээгээр ажиллуулах  зэрэг боломжууд нээгдэж байгаа юм.

НҮБ-аас JPO хөтөлбөрийг Австрали, Австри, Бельги, Канад, Дани, Финланд, Франц, ХБНГУ, Унгар, Итали, Япон, Израил, БНСУ, Лихтейнштейн, Люксембург, Голланд, Шинэ Зеланд, Норвеги, Польш, Саудын Араб, Өмнөд Африк, Швед, Швейцар, Турк, Англи, АНУ зэрэг 30 орчим улстай хамтран хэрэгжүүлж ирсэн бөгөөд тэдгээрийн эгнээнд ийнхүү Монгол улс нэгдлээ.