Мянганы хөгжлийн зорилтуудыг эрчимжүүлнэ
Нью Йорк хотноо чуулж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассабмлейн 68 дугаар чуулганы хүрээнд Мянганы хөгжлийн зорилтууд /МЗХ/-ын хэрэгжилтийн явц байдлыг хэлэлцэх тусгай арга хэмжээ явагдаж байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблеййн даргын санаачлагаар зохион байгуулсан эл арга хэмжээний нээлтэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн дарга, ӨАБНУ, Гайяна, Руандагийн Ерөнхийлөгч, Япон, Норвеги, Фижигийн Ерөнхий сайд, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга, БНХАУ, Беларуссын Гадаад хэргийн сайд зэрэг өндөр түвшний олон төлөөлөгч оролцон үг хэлсэн нь хэлэлцэж буй асуудалд өндөр ач холбогдол өгч байгааг илтгэн харуулж байна.
Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхээр товлосон 2015 он хүртэл харьцангуй богино хугацаа үлдсэн үед дээрх зорилтуудын хэрэгжилтийг дүгнэж хамтарсан баримт бичиг батлахад чиглэсэн энэхүү арга хэмжээнд оролцогчид Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлснээр дэлхий дахинаа үлэмж амжилт оллоо. 2010 онтой харьцуулахад ядуурал тэн хагасаар буурч, боловсролд тэргүүлэх ач холбогдол өгч, “Боловсролыг хамгийн түрүүнд” хэмээх санал санаачилга амжилттай хэрэгжиж, эмэгтэйчүүд илүү чадваржин ДОХВ/ ДОХ, хумхаа болон сүрьеэ өвчинтэй үр дүнтэй тэмцэж байна. Энх тайван, хөгжил дэвшил, хүний эрх, хуулийг дээдлэх ёс хоорондоо салшгүй уялдаатайг ухамсарлан ойлгоход МХЗ-ууд томоохон үүрэг гүйцэтгэлээ. Улс орнууд эв нэгдэлтэй байж, МХЗ-уудыг хэрэгжүүлэх амлалтаа бүрэн дүүрэн биелүүлэх эрмэлзэл, нэгэнт бий болсон идэвх санаачилгад тулгуурлан хэрэгжиж хараахан гүйцээгүй зорилтуудыг үлдэж буй хугацаанд хэрэгжүүлэхээр тууштай чармайж байна. Хүрсэн амжилтаа хадгалж бэхжүүлэх нь чухал байна гэж дурдав.
Монгол Улсад эдийн засгийн өсөлт сүүлийн үед саарсан ч хоёр оронтой тоогоор илэрхийлэгдэхээр хурдтай нэмэгдэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тусгай арга хэмжээнд оролцож хэлсэн үгэндээ МХЗ-уудыг хэрэгжүүлэх явцад мониторинг хийсэн Олон улсын нэр хүндтэй хүмүүсийн өндөр түвшний Ажлын хэсгийн тайлан илтгэлд дурдсан санал дүгнэлтийг дэмжиж байгаагаа тэмдэглээд бүх нийтийг хамарсан тогтвортой хөгжил, хангалттай цалин хөлс бүхий ажлын байруудыг шинээр бий болгохгүйгээр Мянганы хөгжлийн зорилтууд болон 2015 оноос хойших тогтвортой хөгжлийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Монгол Улсад эдийн засгийн өсөлт сүүлийн үед саарсан ч хоёр оронтой тоогоор илэрхийлэгдэхээр хурдтай нэмэгдэж байна. Эдийн засаг өсөхөд хүн амын дийлэнх хэсгийн орлого үлэмж хэмжээгээр нэмэгддэг байх нөхцөлийг төр, засгийн бодлогоор бүрдүүлэх шаардлагатай байна.
МХЗ-уудыг хэрэгжүүлэхийн төлөө хүчин чармайлт тавьж байгаа Монгол Улс нийгэм эдийн засгийн хөгжил, хүрээлэн байгаа орчны тогтвортой байдлыг хангахад сайн засаглал чухал үүрэгтэйг харгалзан хүний эрх, ардчилсан засаглалын чадавхийг дээшлүүлэх ес дэх зорилтыг нэмж дэвшүүлсэн цөөн улс орны нэг билээ. Монгол Улс МХЗ-уудын хэрэгжилтийг дүгнэж үндэсний тав дахь илтгэлээ саяхан гаргасан. Манай улс дээрх зорилтуудын дагуу тодорхой 24 зорилго дэвшүүлснээс таван зорилго нь хэрэгжсэн, үлдэж байгаа хугацаанд гурван зорилго хэрэгжих, хүчин чармайлтаа нэмэгдүүлсэнээр дөрвөн зорилго биелэх боломжтой байна. Тухайлбал, тав хүртэлх настай хүүхдийн болон эхийн эндэгдэл, ДОХВ/ ДОХ, сүрьеэ өвчинтэй тэмцэх, ундны усны найдвартай эх үүсвэрээр хангах, эрүүл ахуй, ариун цэвэр, мэдээлэл холбооны орчин үеийн техник технологийг нэвтрүүлэх зорилт хэрэгжээд байна.
УИХ-ын сүүлийн сонгуулиар эмэгтэй гишүүдийн тоо нэмэгдсэнээр жендэрийн тэгш байдлыг хангахад дорвитой ахиц гарлаа.
УИХ-ын сүүлийн сонгуулиар эмэгтэй гишүүдийн тоо нэмэгдсэнээр жендэрийн тэгш байдлыг хангахад дорвитой ахиц гарлаа. Гэвч ядуурлыг бууруулах хамгийн гол зорилт маань ажилгүйдэл олигтой буурахгүй байгаагаас хараахан биелээгүй байна. Монгол Улсын шинэчлэлийн Засгийн газар ядуурлын эсрэг тэмцэж ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, чанартай сайн боловсрол, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, хот суурин болон хөдөө орон нутаг дахь хөгжлийн ялгааг бууруулах, шаардлагатай арга хэмжээнүүдийг бодлогын баримт бичгүүддээ тусган ажиллаж байна. НҮБ-ын гишүүн улсуудын зургааны нэг нь, түүний дотор Монгол Улс далайд гарцгүй хөгжиж байгаа улсууд юм. Газар зүйн таагүй байршлын улмаас бараа, үйлчилгээний үнийн хэлбэлзэл, уур амьсгалын өөрчлөлт, гадны нөлөөлөл далайд гарцгүй, хөгжиж байгаа орнуудад тод мэдрэгддэг бөгөөд эдийн засгийн өсөлт төдийгүй хөгжлийн нийгэм, байгаль орчны хүчин зүйлүүдэд, улмаар МХЗ-уудын хэрэгжилтэд ноцтой нөлөөлдөг.
Тийм учраас манай улс Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын олон улсын судалгааны төвийг санаачлан байгуулсан. Алматын үйл ажиллагааны хөтөлбөрийг болон Мянганы хөгжлийн зорилтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх хүчин чармайлтыг уялдуулахад олон улсын судалгааны энэ төв чухал үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байна. Уг төвийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлэхийн тулд холбогдох гэрээ хэлэлцээрт нэгдэн орж соёрхон батлахыг далайд гарцгүй бусад улс оронд уриалж байна. 2015 оноос хойших тогтвортой хөгжлийн дэлхий нийтийн асуудлыг оновчтой томьёолох талаар амжилт олохын сацуу МХЗ-ууд болон ядуурлыг арилгах зорилтуудаа ажил хэрэг болгон хэрэгжүүлэхэд үлдэж байгаа хоёр жилийн хугацаанд илүү эрч хүчтэй шуурхай ажиллахыг дахин уриалж буйгаа энэ ялдамд илэрхийлэхийг хүсч байна гэж онцлон тэмдэглэв.