Ерөнхийлөгчтэй хамт хуулийн төсөл боловсруулах боломжтой
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хуулийн төсөл, хөтөлбөр боловсруулах ажилд оролцох сонирхолтой иргэдийг бүртгэж эхэлжээ.
Иргэд Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулж буй Аюулгүй байдал, батлан хамгаалахын тухай багц хуулийн төсөл болон Иргэний оролцооны тухай, Нийтийн зар мэдээний тухай, Иргэн, харьяатын тухай, Шилэн дансны тухай, Үйлдвэржилтийн тухай, Өмчийн эрхийн тухай, Хотын тухай, Сургуулийн өмнөх насны хүүхэд асрах бичил цэцэрлэгийн тухай, Баялгийн сангийн тухай, Ард нийтийн санал асуулгын тухай, Хүний эрхийн тухай, Шагналын тухай, Төрийн бус байгууллагын тухай хуулийн төслүүдэд саналаа нэмэрлэх боломжтой юм.
Мөн эдгээр хуулийн төслөөс гадна иргэдийн сайн санааны болон бусдад туслах санаачилгыг дэмжих “Ардын элч”, оюутан залууст цэргийн эрдэм сургах “Оюутан цэрэГ, “Монголын түүх”, Монголын ард түмний давтагдашгүй уламжлалт соёл, эрдэм, боловсрол, ур ухааныг өвлүүлэх “Улсын эрдэнэ” хөтөлбөрүүдэд ч өөрийн санаа бодлыг тусгах боломж олгож байгаа ажээ.
Энэхүү ажилд оролцох сонирхолтой иргэн өөрийн овог нэр, ажил мэргэжил, ажлын дадлага туршлага, холбоо барихад шаардлагатай мэдээллийг анкетын дагуу бөглөж энэ сарын 30-ны дотор Ерөнхийлөгчийн Тамгын газарт шуудангаар, эсвэл цахим хаягаар ирүүлэх юм байна.