Д.Тэрбишдагва 6000 гаруй иргэдтэй уулзжээ
УИХ-ын гишүүн, Шадар сайд Д.Тэрбишдагва, Сонгинохайрхан дүүргийнхээ иргэдтэй уулзжээ.
2013.09.18

Д.Тэрбишдагва 6000 гаруй иргэдтэй уулзжээ

Монгол Улсын Шадар сайд, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва чуулганы завсарлагаанаар Сонгинохайрхан дүүргийнхээ 32 хорооны 6000 гаруй ард иргэдтэй уулзаж амжсан байна. Тэрбээр зөвхөн ганцаараа тойргоо эргэхийг зорьсонгүй.

Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчид, дүүргийн удирдлага, хэлтэс албадын дарга болон холбогдох асуудлыг хариуцсан мэргэжилтнүүдийг оролцуулсан өргөн бүрэлдэхүүнийг дагуулан очиж уулзалт хийсэн юм.

Ингэснээр хүмүүсийн санал болгосон хүсэлт, тавьсан асуултад тухай бүрт нь хариулж, шийдэж болох асуудлыг газар дээр нь шийдвэрлэж иргэдэд хэрэгцээтэй байсан мэдээллийг өгч чадсанаараа уулзалт ажил хэрэгч, үр өгөөжтэй болжээ.

Тэрбээр тус дүүргээс иргэд сонгогчдынхоо итгэлийг өвөрлөж, гурвантаа УИХ-д сонгогдсон түшээ. Сонгогчид “Итгэл сэтгэлийг хөсөрдүүлэлгүй бидний тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхээр боломж бололцооны хэрээр ажилладаг манай ганц гишүүн” хэмээн ам сайтай байв.

Уулзалтын үеэр Шадар сайд, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва намрын чуулганаар батлан гаргасан хууль тогтоомжийг танилцуулж, ямар тулгамдсан асуудал байна гээд иргэдтэй нээлттэй ярилцаж, санал бодол, хүсэлтийг нь сонслоо. Тус дүүргийн иргэд шинэчилсэн Хүнсний тухай болон Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн талаар тодруулж, хэрэгжилт ямар байгааг сонирхож байв.

Д.Тэрбишдагва гишүүний хувьд хүнсний технологич мэргэжилтэй, ажил амьдралынхаа гарааг Мах консервений үйлдвэрээс эхэлж улмаар салбарын сайдын албыг нэр төртэй хашиж өдгөө Монголын хүнсчдийн холбооны тэргүүнээр ажиллаж байгаа.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва чуулганы завсарлагаанаар Сонгинохайрхан дүүргийнхээ 32 хорооны 6000 гаруй ард иргэдтэй уулзаж амжжээ.

Тэрээр мэргэжлийн хүнсчин хүн учраас хүнсний аюулгүй байдал алдагдаж байгаад анхаарлаа хандуулж дээрх хуулийг санаачлан гишүүдийн хамт боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэн батлуулсан юм. Хууль хэрэгжиж эхэлснээр Монгол Улсын хилээр хувь хүн хүнсний бүтээгдэхүүн оруулж ирэхийг хориглож, тээвэрлэлт, хадгалалт, борлуулалтад тавих хяналт чангарах юм.

Сонгинохайрхан дүүргийн иргэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаа нь амьжиргаанд хүндээр тусч байгааг онцлоод ажлын байр шинээр бий болгох, жижиг дунд үйлдвэрийг дэмжих тал дээр анхаарч ажиллахыг Шадар сайдад онцгойлон уламжилж байлаа.

Шинэчлэлийн Засгийн газраас “Ажилтай орлоготой монгол хүнийг бий болгох” зорилгоор мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдээр дамжуулан энэ жилийн хувд 500 гаруй суралцагч төгсөнө. Эрэлттэй ажлын байрт шаардлага хангасан мэргэжилтэн бэлтгэхэд зориулан энэ онд төрөөс 12 тэрбум төгрөгийг төсөвлөсөн.

Тийм учраас ажил олдохгүй байна гэж гэртээ зүгээр суулгүй хөдөлмөрийн биржид хандан ажлын байрны захиалгаа өгөх хэрэгтэй хэмээн Шадар сайд Д.Тэрбишдагва зөвлөжээ.