Уул уурхайн үндэсний ассоциацын ерөнхийлөгч Д.Дамба
2013.09.17

Эрдэс бүтээгдэхүүний үнэ ханш сэргэх хандлагатай байна

Эдийн засаг хямрахад гадны нөлөө нилээдгүй байсан. Бидний ихээхэн хамааралтай  байдаг урд хөрш болон дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ ханшийн ерөнхий хандлага ямар байгааг эдийн засагчдаас тодрууллаа. Тэд зах зээл сэргэж эхэлж байгааг хэллээ.

Манай улсын экспортын 90 гаруй хувийг эрдэс бүтээгдэхүүн эзэлдэг. Манай улсын төсөвт экспортын орлого нөлөөлдөг. Эрдэс бүтээгдэхүүнээс хамгийн их орлого төвлөрүүлдэг зэсийн үнэ огцом буурч өнгөрсөн найман сард 6000 руу оржээ. Гэсэн ч эргээд сэргэх байдал ажиглагдаж байна.

Уул уурхайн үндэсний ассоциацын ерөнхийлөгч Д.Дамба “2012 оны сүүлээс эхлэн уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш дэлхийн зах зээл дээр унасан. Үүнийг дэлхийн эдийн засгийн хямралтай холбоотой гэж үзэж байгаа. Одоогоор эргээд сэргэх хандлага ажиглагдаж байна. Сэргэлт их удаа явж байгаа” хэмээн хэллээ.

Дэлхийн зах зээл дээрх эрдэс бүтээгдэхүүний үнэ өсөх нь манай улсад асар их эерэг нөлөөтэй. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Хятад улс гадаадын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсэн. Аж үйлдвэрийн бүтээгдэхүүн өссөн эдийн засгийн олон эерэг өөрчлөлт гарч байгаа нь манай улсад эерэгээр тусч байгаа юм.