Эрчим хүчний яамнаас 2013 оныг “Эрчим хүчний хэмнэлт-үр ашгийг дээшлүүлэх жил” болгон зарлав
Эрчим хүчний сайд М.Сономпил, дэд сайд Д.Доржпүрэв
2013.09.05

Эрчим хүчний яамнаас 2013 оныг “Эрчим хүчний хэмнэлт-үр ашгийг дээшлүүлэх жил” болгон зарлав

ДЦС-3, ДЦС-4, Дарханы станцыг өргөтгөснөөр хэрэглээний өсөлтийг хангана

“ДЦС-4” ХК-ийн суурилагдсан хүчин чадлыг цахилгаанаар 100 МВт, дулаанаар 180 Гкал-аар нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд Уралын турбины үйлдвэрээс Т-120/130 маркын турбогенераторыг суурилуулж 2014 оны 3-р улиралд ашиглалтад хүлээлгэн өгснөөр  Улаанбаатарын цахилгаан дулааны V эх үүсвэр ашиглалтад ортол өнөөгийн хэрэглээний өсөлтийг найдвартай хангах юм.

Мөн Улаанбаатар хотын дулаан хангамжийг найдваржуулах үүднээс “ДЦС-4” ХК-аас БҮК хүртэл Ф1200мм голчтой 2,4 км урт дулааны шугам, БҮК-аас Тк-844 цэг буюу I хорооллын урд уулзвар хүртэл 2,0 км урттай дулааны шугамын барилга угсралтын ажлыг тус тус эхлүүлээд байна.

Дулааны цахилгаан станцын өргөтгөл хийнэ

Дээрх дулааны шугамын өргөтгөлийн ажлууд хийгдснээр 160 Гкал/цагийн дулааны эрчим хүчийг дамжуулах боломж шинээр бүрдэх бөгөөд I хороолол, Ханын материал, 12, 15, 16-р хорооллын хэрэглэгчдийн дулаан хангамж сайжирна.

ДЦС-3 ХК-ийн хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөх /цахилгаанаар 50МВт, дулаанаар 100 Гкал цаг/, №9 зуухыг сэргээн засварлах, Дарханы дулааны цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх ажлын хүрээнд одоогийн суурилагдсан хүчин чадлыг 35МВт-аар нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг 2014 онд ашиглалтад оруулна.

Амгалан дулааны станцын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй дулааны хэрэглээг хангах 300Гкал.ц-ын суурилагдсан хүчин чадалтай “Амгалан” дулааны станцын барилгын ажлыг 2013 оны 8 дугаар сарын 21-нд эхлүүллээ.

Дулааны 5-р цахилгаан станцын зураг

“Амгалан” дулааны станцыг барих ажлын гүйцэтгэгчээр Хятадын машин инжинеринг корпораци /CMEK/ эргэн төлөгдөх, түлхүүр гардуулах нөхцлөөр гэрээ байгуулан ажиллаж ирэх оны 8 дугаар сард бүрэн хүчин чадлаар ашиглалтад хүлээн авна. Тус станц ашиглалтад орсноор 170 хүн ажлын байртай болж 50 гаруй мянган айл өрхийг дулаанаар найдвартай хангана.

Улаанбаатарын V Цахилгаан станцыг барих консерциумыг шалгаруулав

Улаанбаатарын эрчим хүчний V эх үүсвэрийг Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд барих гүйцэтгэгчээр “Жи ди Эф Суэз”, “Сожитц корпораци”, “Поско энержи”, “Ньюком” ХХК компаниудаас бүрдсэн консерциумыг шалгарууллаа. Концессын гэрээний дагуу 25 жилийн дараа тус консерциум 450 МВт-ын цахилгаан станцыг Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэн өгөх нөхцлөөр ирэх онд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж 3,5 жилийн дараа ашиглалтад оруулна.

Тавантолгойн цахилгаан станц говийн бүсийн хэрэглээг хангана

Салхин цахилгаан станц

Тавантолгойн ордыг түшиглэн барих 450МВт-ын цахилгаан станцыг Чингис бондын хөрөнгөөр тодорхой хувийг санхүүжүүлэх тухай Засгийн газрын 71 дүгээр тогтоол гарсан. Төслийн гүйцэтгэгчийг 2013 оны IV улиралд багтаан сонгон шалгаруулна.

Тавантолгойн станцын төсөлд оролцох сонирхлоо 2013 оны 8 дугаар сарын 18-ны байдлаар Японы, БНСУ, АНУ, ХБНГУ, Чех, БНХАУ-ыннийт 10 консорциум илэрхийлээд байна. Тавантолгойн цахилгаан станцыг ашиглалтад оруулснаар говийн бүсэд өсөн нэмэгдээд буй эрчим хүчний хэрэглээг хаана.

Салхин цахилгаан станц 50 мянган айл өрхий цахилгаанаар хангаж байна

Төв аймгийн Сэргэлэн сумын Салхит ууланд 50 МВт-ын том чадлын салхин цахилгаан станцыг энэ оны 6 дугаар сарын 20-нд ашиглалтад орууллаа. Салхин цахилгаан станц 30 гаруй МВт-ын цахилгаан эрчим хүчийг Төвийн эрчим хүчний системд нийлүүлж байгаа нь нийт 50 орчим мянган айл өрхийг хангах хэмжээ юм. Энэ станц ашиглалтад орсноор 150000 тонн нүүрс хэмнэж, хүлэмжийн хийн ялгарлыг 180000 тонноор багасгав.

Эрчим хүчний дэд бүтэц найдвартай боллоо

Завхан аймгийн сум төвийн бүсийн эрчим хүчтэй холбогдлоо

Мандалговь-Тавантолгойн 220кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг 2013 оны нэгдүгээр сарын 29-нд ажиллагаанд оруулснаар Өмнөговь аймгийг Төвийн эрчим хүчний системтэй холболоо. Улмаар Тавантолгой-Оюутолгойн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц энэ онд ашиглалтад орсноор БНХАУ-аас цахилгаан эрчим хүч импортлох, экспортлох  боломж бүрдэж байна.

Завхан аймгийн Мөрөн–Могойн гол–Тэлмэн 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, Тэлмэн 110/35/10 кВ-ын дэд станцын барилга угсралтын ажлыг ашиглалтад хүлээн авч Алтай Улиастайн эрчим хүчний системийг Төвийн эрчим хүчний системтэй холбосноор Завхан аймгийн сумдын хэрэглэгчдийн эрчим хүчний хангамж сайжирлаа.

Хөдөөгийн 105 сумын хэрэглэгчдийн цахилгааны хангамж сайжрав

105 сумын дотоод сүлжээг шинэчлэн сайжруулжээ.

Эрчим хүчний салбарт 2013 онд улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих эрчим хүчний төсөл, арга хэмжээг Худалдан авах ажиллагааны газартай хамтран зохион байгуулж Эрчим хүчний яамнаас нийт 27 төсөл, арга хэмжээний гэрээг байгуулж ажлын гүйцэтгэлд хяналт тавин ажиллаж байна.

Эрчим хүчний салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 667 км 110 кВ-ын ЦДАШ, 195 км 35 кВ-ын ЦДАШ, 236 км 15 кВ-ын ЦДАШ, 178.2 км 10 кВ-ын ЦДАШ барьж, 105  сумын дотоод сүлжээг шинэчлэн сайжруулжээ. Эдгээр бүтээн байгуулалтын ажлыг хийснээр 105 сумын цахилгаан хангамжийг найдваржуулж өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангалаа.

Нийслэлийн 12200 айл өрхийн цахилгаан хангамжийг сайжрууллаа

Гэр хороололд цахилгааны хангамжийг сайжруулна

Улаанбаатар хотын цахилгаан хангамжийг найдваржуулах, сайжруулах ажлын хүрээнд, улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 89,8 км кабель шугмыг сольж шинэчлэн “Баянзүрх”, “Ваар” дэд станц чадлыг нэмэгдүүлж 10 дугаар хороололд 35 кВ-ын дэд станц шинээр,

Хайлаастын 110/35/10 кВ дэд станцыг зөөж барьснаар 4500 айл өрхийг шинээр эрчим хүчинд холбож, нийслэлийн 6 дүүргийн 70 гаруй км нам хүчдлийн сүлжээг сольж шинэчлэх ажлыг хийж 7700 айл өрхийн цахилгаан хангамжийг  сайжрууллаа.

Аймгийн төвийн хэрэглэгчид дулаанаар тасалдахгүй

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар болон буцалтгүй тусламжаар Увс, Ховд, Хөвсгөл, Сүхбаатар аймгийн төвүүдэд шинээр дулааны станц, дулааны шугам сүлжээг барьж 2013-2014 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Нийслэлийн дулаан хангамжийг сайжруулав

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 600 мм-ын голчтой 1223 метр,  500 мм-ын голчтой 600 метр, 400 мм-ын голчтой 1400 метр дулааны шугамыг тус тус шинэчлэн солилоо. Ингэснээр нийслэлийн хэрэглэгчдийн өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангаж дулаан хангамжийг сайжруулав. Насос станц-3-ийн хүчин чадлыг нэмэгдүүлж Баянзүрх дүүргийн хэрэглэгчдийн дулаан хангамжийг сайжруулжээ.

Эрчим хүчээ хэмнэж үр ашиг гарч байна

Эрчим хүчний яамнаас 2013 оныг “Эрчим хүчний хэмнэлт-үр ашгийг дээшлүүлэх жил” болгон зарлав. “Эрчим хүчний хэмнэлт үр ашгийн жил”-ийн хүрээнд салбарын хэмжээнд хагас жилийн байдлаар 1,43 сая кВт/цаг цахилгаан эрчим хүч, 46,81 тонн мазут, сэлбэг материалын зардлаас 222,3 сая төгрөгийг тус тус хэмнэжээ.

Эрчим хүчний үйлдвэрүүд дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчний хэрэглээ эхний 7 сарын байдлаар нийт 14.73% байгаа нь  өмнөх оныхоос 0.32 нэгжээр бууруулсан үзүүлэлт юм.2013 оны эхний 7 сарын дүнгээр Төвийн бүсийн цахилгаан дамжуулалт, түгээлтийн алдагдал өмнөх оны мөн үеэс 0.95 нэгжээр буурч 14.24% болоод байна.

Эрчим хүчний зүй зохистой хэрэглээг төлөвшүүлэх үүднээс “Эрчим хүч хэмнэлтийн тухай” хуулийн төслийг олон нийтэд хэлэлцүүлж санал авсан. Засгийн газрын хуралдаанаар оруулахад бэлэн болсон.