Эрчим хүчний яам
2013.08.19
Эрчим хүчний яамнаас хэрэгжүүлсэн онцлох ажлууд
(2012.08.15 - 2013.08.15)
- Мандалговь-Тавантолгой-Оюутолгойн цахилгаан дамжуулах агаарын шугам дэд станцыг энэ оны эхээр ашиглалтад хүлээн авснаар Өмнийн говь төвийн эрчим хүчний системд холбогдлоо.
- Тавантолгойн ордыг түшиглэсэн 450 мВт-ын суурилагдсан хүчин чадал бүхий цахилгаан станц барихаар Байгаль орчны ерөнхий үнэлгээг хийж байна. Хуулийн зөвлөх компани болон санхүүгийн зөвлөх компаниудыг сонгосон бөгөөд оролцогч компаниудын саналыг аваад байна.
- Могойн гол-Тэлмэн-Улиастайн 110 кВ-ын шугамыг төвийн эрчим хүчний системд холбож олон жилийн турш эрчим хүчээр дутагдаж ирсэн Завхан аймгийн сумд эрчим хүчний хязгаарлалтгүй боллоо.
- 50 мВт-ын Салхитын цахилгаан станцын эхний зургадугаар сард ашиглалтад хүлээн авснаар 30 гаруй мВт-ын эрчим хүчийг төвийн бүсийн эрчим хүчний системд нийлүүлж эхлэв.
- Нийслэлд өсөн нэмэгдэж байгаа дулааны хэрэглээг хангах “Амгалан” дулааны станцыг эргэн төлөгдөх, түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлөөр гэрээ байгуулан газрыг чөлөөлүүлж барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна.
- Эрчим хүчний яамнаас 2013 оныг “Эрчим хүчний хэмнэлт үр - ашгийн жил” болгон зарлав. Эрчим хүчний зүй зохистой хэрэглээг төлөвшүүлэх хуулийн төслийг олон*нийтэд хэлэлцүүлээд УИХ-д өргөн барихад бэлэн боллоо.
- Улаанбаатарын цахилгааны V эх үүсвэрийн байршлын асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлж, байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийж байна. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд цахилгаан станцыг барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар ажиллаж байна.
- Нийслэлийн шинэ эх үүсвэр ашиглалтад ортол өнөөгийн хэрэглээний өсөлтийг найдвартай хангахаар ДЦС-4 ХК-ийн суурилагдсан хүчин чадлыг 100 мВт, ДЦС-3 ХК-ийн хүчин чадлыг 50 мВт-аар өргөтгөх төслийн ажлыг эхлүүллээ.
- Улаанбаатар хотын гэр хорооллын өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах, хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг сайжруулахад 8.1 тэрбум, хотын цахилгаан кабель шугамын өргөтгөл шинэчлэлд зориулан 6.8 тэрбумын 20 багц бүхий хөрөнгө оруулалтын ажлын барилга угсралтын ажлыг хийж, эхний хэсгийг ашиглалтад хүлээн авахаар улсын комисс ажиллаж байна.
- Эрчим хүчний.салбарт 2013 онд улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих эрчим хүчний төсөл, арга хэмжээг Худалдан авах ажиллагааны газартай хамтран зохион байгуулж Эрчим хүчний яамнаас нийт 27 төсөл, арга хэмжээний гэрээг байгуулаад байна.